2012-2016 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан М.Батчимэг өвчний улмаас таалал төгсчээ.
Тэрээр 1973 оны нэгдүгээр сарын 26-нд Өвөрхангай аймгийн Тарагт суманд дөрвөн хүүхэдтэй айлын ууган хүүхэд болон мэндэлжээ. 1995-2005 онд Стратегийн судалгааны хүрээлэнгийн судлаач, ахлах судлаач, 2005-2008 онд Тайванийн Тайбэй хот дахь Улаанбаатарын худалдаа эдийн засгийн төлөөлөгчийн газрын тэргүүн. 2008-2009 онд Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэдэх Стратегийн судалгааны хүрээлэнгийн зөвлөх, тэргүүлэх шинжээч. 2009-2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, 2012-2016 онд Намын жагсаалтаар сонгогдож, УИХ-ын гишүүнээр ажилласан. Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн. 2011-2012 онд “Нэг ардчилал” клубын зохицуулагч тус тус хийж байв.
Талийгаач 2012 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намын жагсаалтын 10 дугаарт бичигдэн парламентын гишүүн болж байв. УИХ-ын гишүүн болоод тэрбээр Ёс зүйн дэд хорооны дарга, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо, Өргөдлийн байнгын хороо, Тусгай хяналтын дэд хорооны гишүүнээр ажиллав. Улмаар Монголын Парламентын бүлгэмийн дэд дарга, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын ассамблейтай харилцах бүлэг, НАТО-гийн Парламентын Ассамблейтай харилцах бүлгийн даргын албан тушаалыг хашиж байв. Мөн Монгол-АНУ, Монгол-Хятад, Монгол-БНСУ-ын парламентын бүлгийн дэд даргаар тус тус ажиллаж байжээ.
Түүний ар гэр, үр хүүхэд, төрөл төрөгсөд, найз нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.