Засгийн газрын хуралдаанаас гаргаж буй шийдвэрүүдийг танилцуулах үеэр Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Tэрбээр "Банкууд аль болох ажиллахыг эрмэлзэж буй ч бүх нийтийн бэлэн байдал зарласан энэ үед тусгай зөвшөөрлөөр үйл ажиллага явуулах ёстой. Эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэм, Улсын онцгой комиссын зөвшөөрлийн хүрээнд банкууд салбар, нэгжүүдээ тодорхой хэмжээнд нээн ажиллуулахад бэлэн болохыг мэдэгдсэн. Нийт зээлийн тал хувь нь хэрэглээний зээл байдаг.
Монгол Улсын банкны салбарын бүтээгдэхүүн үйлчилгээ, төлбөр тооцоо цахим хэлбэрээр тасралтгүй, хэвийн үргэлжилж байна. Иргэд, аж ахуйн нэгжүүд төлбөр тооцоог төлбөрийн карт, интернет, мобайл зэрэг цахим хэлбэрээр гүйцэтгэх боломжтойг харуулж байгаа бөгөөд цаашид ч улам түлхүү ашиглахыг нөхцөл байдал шаардаж байна.
Энэ оны 10 дугаар сарын дүнгээр банкны салбараас эх үүсвэрт төлж буй 1 сарын хүүний зардал 184.7 тэрбум төгрөг байгаа нь банкны хүүний орлогыг хязгаарлах тохиолдолд томоохон алдагдал үүсэхийг харуулж байна. Иймд аливаа бодлого, шийдвэр нь санхүүгийн зуучлал, санхүүгийн тогтвортой байдалд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх ёстой гэсэн зарчим баримталж байна" гэв.