Цаг үеийн мэдээ

“Р” сургуулийн 1а ангийн сурагч Е нь сургууль дээрээ хацар нь хавдаж улайсан байдалтай байсныг тус сургуулийн  менежер М мэдсэн боловч нь энэ талаар эцэг эхэд мэдэгдээгүй бөгөөд хүүхдийг сургуулийн жижүүрт үлдээгээд явжээ.

Менежер М тайлбартаа “Хүүхдийн хацрын товгор хэсэгт бага зэрэг улайсан байсан. Ээж рүү утсаар ярих гэсэн чинь дугаарыг нь хайх болоод, гадаа их хүйтэн байсан учир дулаан газар ороод яръя гэж бодоод жижүүрт орхиод явсан” гэжээ.

Хүүхдийн ээж А тайлбартаа “Охин Е нүүр нь шалбарч улайсан, хувцас нь тоос шороотой, нүүр ам нь халтардсан, сургуулийн үүдний жижүүрийн суудлын хажууд байдаг сандар дээр ганцаараа байсан. Хажууд нь хэн ч байгаагүй, сургууль эзгүй байсан. Манай эхнэр сургуулийн 4 давхар хүртэл хүн, багш, ажилтнууд байгаа байх гэж хайсан боловч хэн ч байгаагүй. ...Жижүүр байгаагүй асуудлыг тайлбарлахдаа “Манайх заал түрээсэлдэг тул зааланд бөмбөг өгөх гээд явсан байсан” гэсэн байна.

Эрх бүхий албан тушаалтан “Р” сургуулийг Зөрчлийн тухай хуульд заасан хүүхдийн эрхийг зөрчих зөрчил гаргасан гэж дүгнэж, хуульд зааснаар “Р” сургуульд 3 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

Анхан шатны шүүх эрх бүхий албан тушаалтны оногдуулсан шийтгэлийг үндэслэлтэй гэж үзэж хэвээр үлдээсэн бөгөөд “Р” сургууль, түүний өмгөөлөгч нарын зүгээс “Хичээлийн бус цагаар суралцагчийн эцэг эх хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хариуцах үүрэгтэй, эцэг эх нь хүүхдээ цагтаа ирж аваагүй, сургуульд хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлгүй” гэж маргав.

       Сургууль хичээл тарсны дараа хүүхдийг эцэг эхэд нь хүлээлгэн өгөх үүрэгтэй

“Р” сургуулиас сурагчдын эцэг эхтэй байгуулсан гэрээнд 10 хүртэлх насны суралцагчийг хичээлд ирэхэд эцэг эхээс хүлээн авч, хичээлийн дараа хүлээлгэн өгөх үүргийг сургууль хүлээхээр тусгасан.

Шүүх “Р” сургуулийг Зөрчлийн тухай хуульд заасан “Хүүхдийн амь нас, эрүүл мэнд, хөгжилд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрсдэлт нөхцөлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, мэдэгдэх, ...үүргээ биелүүлээгүй” зөрчил гаргасан нь гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна. 

Суралцагчийн анги удирдсан багш нь гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс хамгаалах, хүүхдэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрсдэлт нөхцөлөөс урьдчилан сэргийлэх, хичээл тарсны дараа сурагчийг эцэг эхэд нь хүлээлгэн өгөх үүрэгтэй тул ийнхүү шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн.

Сургууль буюу хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлтэй

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 11 дэх хэсэгт “...хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална” гэж,

Хүүхдийн эрхийн тухай конвенцын 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Нийгмийн хамгааллын улсын буюу хувийн байгууллага, шүүх, захиргааны болон хууль тогтоох байгууллагаас хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулна.”, 18 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Хүүхдийн хүмүүжил болон хөгжилд эцэг, эх буюу тодорхой тохиолдолд хууль ёсны асран хамгаалагчид гол хариуцлагыг хүлээнэ. …” гэж,

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “Хүүхэд эрүүл өсөж бойжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байх эрхтэй”, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Хүүхэд гэмт хэрэг, зөрчил, хүчирхийлэл, бие махбодын шийтгэл, сэтгэл санааны дарамт, үл хайхрах байдал болон мөлжлөгийн аливаа хэлбэрээс нийгмийн бүх орчинд хамгаалагдах эрхтэй.” гэж Үндсэн хууль болон дотоодын бусад хууль тогтоомж олон улсын эрх зүйн хэм хэмжээгээр хүүхдийн өсөлт хөгжил, хүмүүжил төлөвшилд анхаарч, тэдгээрийн гэмт хэрэг, зөрчил, бусад болзошгүй эрсдэлээс хамгаалж, тэдгээрийн ашиг сонирхлыг эн тэргүүнд харгалзан үздэг.

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 163 дугаар тогтоолоор “Осол, гэмтлээс сэргийлэх үндэсний хөтөлбөр”-ийг баталж, хэрэгжүүлж байгаа бөгөөд хүүхдийг учирч болох болзошгүй аюул эрсдэлт нөхцөлөөс сэргийлэх, амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор бага насны хүүхдийг бие даан замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх зорилгоор “Гараас гарт дамжуулах” хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгасан.Суралцагчийг анги удирдсан багш, сургалтын менежер, жижүүр зэрэг ажилтнуудын хэн нь, хэрхэн, ямар журмаар эцэг эхэд нь хүлээлгэн өгөх ёстой болох, эцэг эхэд хүлээлгэн өгөхдөө бүртгэл хийх эсэх, үүнд хэн хяналт тавих эсэх талаар сургуулийн захиргаанаас удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ хэрэгжүүлээгүйн улмаас ийнхүү хүүхдийн эсэн мэнд байх, хамгаалуулах эрхийг зөрчсөн эс үйлдэлд хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэсэн нь зөв гэсэн дүгнэлтийг давж заалдах шатны шүүхээс хийв.

   Тойм бэлтгэсэн: Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч

Таны сурталчилгаа