Б.Баярдаваа захирал бодлогын хүүг буурснаар эдийн засагт ямар нөлөө үзүүлэв гэсэн асуултад хариулав. Тэрээр Төв банк бодлогын хүүг хоёр удаа бууруулснаар эдийн засгийн идэвхжилтийг нэмэгдүүлсэн гэв. Өөрөөр хэлбэл эдийн засгийн сэргэлтийн хугацааг 2-3 улирлаар түргэтгэсэн. ДНБ-ий зөрүү эерэгжих хугацаа наашилсан. Бодлогын хүү 6 хувь болж буурснаар Монголбанкнаас арилжааны банкуудад олгодог зээлийн хүү мөн 6 хувь болж буурсан гэв.
Өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд Төв банк банкуудад нийт 230 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ. Энэ сарын 25-ны байдлаар зарцуулалтыг нь нэгтгэж үзэхэд 192 тэрбум төгрөгийг эцсийн зээлдэгчдэд олгох хэлцлүүд хийж, 82 тэрбум төгрөгийн зээлийн гэрээг хийжээ.
Дээрх230 тэрбум төгрөгийн санхүүжилтээс гадна энэ оны эхний улиралд Төв банк арилжааны банкуудад нийт 250 тэрбум төгрөгийн зээл олгоно. Үүнийг ЖДҮ-ийг дэмжих, уул уурхайн бус экспортыг дэмжих зорилгоор зарцуулах юм. ЖДҮ эрхлэгчид 300 сая хүртэл төгрөгийн, уул уурхайн бус экспортлогчдод 1 тэрбум хүртэл төгрөгийн зээл авах эрхтэй. Эсвэл өмнө авсан зээлээ ийм хэмжээгээр дахин санхүүжүүлж болно. Төв банк энэ санхүүжилтийг 6 хувиар олгож, банкууд ААН-үүдэд 10.5 хувийн буюу зах зээлийн дунджаас бага хүүтэй олгож байна. Зээлийн хугацаа 2 жил хүртэл байна.
Төв банкнаас хэрэгжүүлж буй эдгээр алхам банкуудын зээл олголтыг дэмжих зорилготой юм. Энэ онд зээлийн нийт өсөлт 12-15 хувь байх тооцоог Монгол банк хийжээ.