УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, 88,2 хувийн саналаар дэмжлээ.
Байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг:
-Зайны болон цахим сургалтууд тэгш бус байдлыг дэмжиж байгаа нэг хэлбэр болчихсон. Тэгвэл Боловсролын тухай шинэ хуульд тэгш бус байдлыг бий болгоод байгаа энэ асуудлыг яаж хязгаарлах вэ. Орлого багатай болон эмзэг бүлгийн хүүхдүүдэд сургалтын тэгш хүртээмжийг бий болгох тал дээр ямар заалтууд орсон бэ.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан:
-Өчигдөр medle.mn гэж Монгол Улсын анхны цахим сургуулийн платформ бий болж байна. 1-12 дугаар ангийн 17000 хичээлийг манай 40000 багш нар өөрсдийнхөө мэдлэг чадвараар цахим хичээл болгох анхны цахим сургуулийн платформын үндэс тавигдаж байна. Өнөөдөр Баян-Өлгийд сурч байгаа хүүхэд, Дорнод аймагт сурч байгаа хүүхэд 1 дүгээр сургуулийн математикийн багш, эсвэл 11 дүгээр сургуулийн биологийн багш, эсвэл 23 дугаар сургуулийн англи хэлний багшаар заалгах энэ эрх нь байгаа. Тийм учраас хаана амьдарч, хаана сурч байгаагаас үл шалтгаалаад, ахлах сургуулиудын хувьд сонгон хичээлүүд, тодорхой кредитүүдээ багшаа сонгож, хөтөлбөрөө сонгож, сонгон, кредитүүдээ тооцуулах ийм боломжуудыг бид нар хуулиараа нээж өгч байгаа. Таны түрүүн хэлдэг, орлого багатай эцэг эхийн хүүхдүүд, эсвэл алслагдсан сум сууринд амьдарч байгаа хүүхдүүд энэ ковидын үеэр үндсэндээ маш том хоцрогдолд орсон. Улсын хэмжээнд 180 мянган хүүхэд өнөөдөр цахилгаангүй, интернэтгүй, гар утасгүй, телевизгүйгээсээ болоод хоцрогдолд орчихоод байна. Манай яам хоцрогдлыг арилгах 3 жилийн үндэсний хөтөлбөрийг боловсруулж сая Засгийн газар дээр батлуулж байна. Энэ 3 жилийн хугацаанд бид боловсролын хоцрогдлыг илүү цахим хэлбэрээр нөхөх ийм боломж олдож байгаа гэж харж байна.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:
-Хот, хөдөөгийн ялгааг арилгана гэсэн юу болсон бэ? Өнөөдөр орон нутагт байгаа багш нарын хоцрогдлын асуудал байгаа. Хөдөө, орон нутаг, алслагдсан аймагт ажиллаж байгаа багш нарыг ямар хөшүүрэг, дэмжлэгээр дэмжиж байгаа вэ.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан:
-Хот, хөдөөгийн ялгааг арилгая гэж бодож байгаа шүү дээ. Боловсролын салбарын шинэчлэлт өөрчлөлт бол ерөөсөө хот, хөдөөгийн ялгааг л арилгая гэж байгаа. Тэр хувьсах зардлын аргачлал гэдэг бол хөдөөгийн сургуулиуд бага хувьсах зардал авдаг биш илүү их хувьсах зардлууд авдаг, энэ нь сургалтынхаа орчин, багш нарынхаа сурах арга барилыг дээшлүүлэх, сурагчдын сурлага, ахиц дэвшлүүдийг дээшлүүлэх, хөдөө хотын боловсролын ялгааг арилгах концепциуд энэ хуулиараа орж ирж байгаа юм.
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан:
-Англи хэлийг үндсэн хэл болгоно гэсэн зүйл явж байна. Орос хэл хасагдаж байгаа юм уу.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан:
-Англи хэлийг хоёр дахь хэл болгож дэлхийн иргэн бэлтгэнэ гэж Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссан. Тиймээс англи хэлийг сурах биш зарим хичээлийг англи хэлээр үзэх боломжийг бүрдүүлэх ёстой юм. Тэгэж байж англи хэл хоёрдагч хэл болно. Тийм учраас бид үндсэн гадаад хэл нь англи хэл байна гэж хуульд тусгаж байгаа юм. Хүүхдүүд нэгдүгээрт, төрөлх хэлээрээ суралцана. Хоёрдугаарт, англи хэлээр үзэх ёстой, байгалийн ухааны хичээлүүд гэдэг юм уу дунд, ахлах ангиас үзэх хичээл англи хэлээр байна. Магадгүй хүүхдүүд орос, франц, хятад, солонгос зэрэг өөрсдийн сонирхсон хэлийг 10, 11, 12-р ангидаа сонгож үзэх бололцоотой байгаа.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:
-Энэ сум тосгон, багийн ерөнхий сургуульд хүүхдийн тооноос хамаарч холимог бүлгээр хичээллэж болно гэж. Холимог бүлгээр хичээллэнэ гэдгийг би ойлгохгүй байна.
БШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир:
-Нэгдүгээрт, ер нь хүүхдийн тооноос хамааруулаад сумын сургуулиудыг бид нэг ээлж рүү шилжүүлэх энэ концепц зарчмыг барьж байгаа. 1,2-оос доош ээлжийн коэффициенттэй одоо бараг 286 сургууль байгаа. Үүний 204 нь сумын сургууль, 41 нь багийн сургууль, 41 нь аймгийн сургууль байгаа юм. Хэрвээ ингээд цаашид нэг ээлжинд шилжих юм бол сургалтын төлөвлөгөө, хичээлээс гадуурх үйл ажиллагаанд нэлээд уян хатан зохицуулалтууд бий болно гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл, хүүхэд өглөө ирээд, үдээс хойш 16 цагт явлаа гэж бодоход энэ хооронд зөвхөн сургалтын төлөвлөгөө дэх заавал судлах цагуудаас гадна хөгжүүлэх үйл ажиллагаанууд нэлээд орж ирэх ийм харилцаа зохицуулалт үүснэ гэж харж байгаа. Хоёрдугаарт, ахлах ангийн сургалтын хөтөлбөрийг сонголттой болгох бодлого концепц барьж байгаа. Тэгэхээр магадгүй тухайн хүүхэд химийн хичээл сонгоод сумын ч юмуу аймгийн сургууль дээр 10-12 дугаар ангид нь 30 хүүхэд химийн хичээл сонгосон бол, 30 хүүхэд холимог бүлэг болоод нэг зохион байгуулалтад ороод явах зохицуулалт үүсч, хэрэгцээ гарна гэж хөтөлбөрийн хөгжлийн дараагийн чиг хандлагуудаа харж байгаа. Тэгэхээр 2024 оноос ахлах ангийн хөтөлбөр бүрэн сонголттой болно. Хөдөө сумдын сургуулиудын бага ангиуд, дунд ангиуд нэг ээлжинд шилжихэд энэ зохицуулалт нэлээд тус болох юм.