Цаг үеийн мэдээ

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2021.06.30) хуралдаан 10 цаг 19 минутад 15 гишүүн ирцэд бүртгүүлснээр эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэхээр боллоо.

    Хуралдааны Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, эхэнд Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар төсөл санаачлагчийн илтгэлийг танилцуулав. Улсын Их Хурал 1991, 1996, 2000, 2006, 2009, 2015 онуудад буюу нийт зургаан удаа Өршөөл үзүүлэх хуулийг баталж байжээ. Анхны ардчилсан сонгууль зохион байгуулагдаж, Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан 2015 онд Өршөөл үзүүлэх тухай хуульд зарим этгээдэд захиргааны буюу зөрчлийн шийтгэлээс хамтад нь чөлөөлж байсан аж.

    Хорих анги, байгууллагад 2021 оны зургадугаар сарын 24-ний өдрийн байдлаар хоригдож буй 4154, цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 1200, баривчлах шийтгэл эдэлж байгаа 104, хорихоос өөр төрлийн ял, албадлагын арга хэмжээ авагдсан 4529, нийт 9987 ялтан, хоригдсон этгээд байгаа юм байна. Нэг хүний өдрийн хоол хүнсэнд 6000-8000 төгрөг зарцуулдаг болохыг танилцуулгад дурдав. Хорих анги, байгууллагуудын хувьд олон хүн нэг байранд төвлөрөх, хяналт тавьж буй албан хаагчид нийгмийн харилцаанд оролцож, халдвар авах, тээх эрсдэлтэй тул коронавирусийн халдвар илэрсэн тохиолдолд богино хугацаанд олон хүнийг хамран тархах, улмаар жирэмсэн болон нярай хүүхэдтэй эмэгтэйчүүд, биеийн дархлаа сул, архаг хууч өвчтэй, өндөр настай хоригдол, баривчлагдсан этгээд хүндээр өвчилж, амь насаа алдах аюултай нөхцөл бүрдэх болзошгүй байгааг мөн танилцууллаа.

 Торгох ялаар 1664, нийтэд тустай ажил хийх ялаар 548, зорчих эрхийг хязгаарлах ялаар 22, эрх хасах ялаар 1448 тус тус шийтгэгдэж, нийт 3682 этгээдэд хяналт тавьж байгаа бөгөөд тэдгээрээс өршөөлд хамруулахгүй, гэмт хэрэг үйлдэж, торгох ял шийтгүүлсэн 117, нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн 6, эрх хасах нэмэгдэл ял шийтгүүлсэн 2, нийт 125 ялтан байгаа юм байна. Хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 2483, хорих ял оногдуулсан шүүхийн шийдвэр, тогтоолын биелэлтийг хойшлуулсан 158, хорих ялаас хугацаанаас нь өмнө суллаж, хяналт тогтоосон 1274, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан 165, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан 39, хөрөнгө орлогыг нь хураах албадлагын арга хэмжээ авагдсан 412, эрх хасах албадлагын арга хэмжээ авагдсан 3, нийт 4529 этгээдэд хяналт тавьж байгаа гэв.

    Зөрчлийн тухай хууль хэрэгжих хугацаанд тухайн жилд бүртгэгдсэн нийт зөрчлийн 95-аас дээш хувийг цагдаагийн байгууллага харьяалан шийдвэрлэсэн бөгөөд бүртгэгдсэн зөрчлийг зүйл, хэсгээр нь авч үзвэл 6.696.529 буюу 93 хувь нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн зөрчил аж. 257.071 буюу 3.5 хувь нь олон нийтийн газар биеэ зүй бусаар авч явсан зөрчил юм байна. 18.238 буюу 0.2 хувь нь худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагааны журам зөрчсөн бол 30.406 буюу 0.4 хувь нь гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, тогтоомж зөрчсөн зөрчил эзэлж байгаа бол 14.715 буюу 4.4 хувь нь танхайрах зөрчил, 2681 буюу 0.03 хувь нь Тамхины хяналтын тухай хууль тогтоомжийг зөрчсөн, 280.907 буюу 3.8 хувийг нь бусад төрлийн зөрчил эзэлж байгаа гэх тоон мэдээллийг мөн төсөл санаачлагч илтгэлдээ танилцуулсан.

Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш 2021 оны эхний таван сарын байдлаар цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд 6.154.933 удаагийн зөрчилд бэлэн бусаар 168 тэрбум 948 сая төгрөгийн торгох шийтгэл оногдуулснаас 3.035.324 удаагийн зөрчилд оногдуулсан 73 тэрбум 339 сая төгрөг, шүүхийн шийдвэрийн дагуу оногдуулсан 1.9 тэрбум төгрөгийн торгох шийтгэл тус тус төлөгдөөгүй байгаа юм байна. Өөрөөр хэлбэл, 2017 оны долдугаар сарын 1-ний өдөр Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш 6.1 сая зөрчил бүртгэгдсэн бөгөөд тухайн зөрчлүүдэд 168 тэрбум төгрөгийн торгууль оногдуулсан боловч өнөөдрийн байдлаар 73 тэрбум төгрөгийн торгууль төлөгдөөгүй байгаа юм байна. Дээрх хуулийн дагуу оногдуулсан торгуулийн шийтгэл цар тахлын өнөө үед ажлын байраа алдсан, орлого нь буурсан иргэд, санхүүгийн үйл ажиллагаа нь доголдсон аж ахуйн нэгжүүдэд дарамт болж, торгуулийн төлбөр төлөгдөхгүй, шийдвэр гүйцэтгэл биелэгдэхгүй байх шалтгаан болж байгаа гэж үзсэн байна.

    Хуулийн төслийг боловсруулахдаа өршөөлд хамруулахгүй болон ялаас хасах, хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солихоор зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдож оногдуулсан болон биечлэн эдэлсэн хорих болон хорихоос өөр төрлийн ялын хугацааг үл харгалзан эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялаас өршөөхөөр тусгасан болохыг Х.Нямбаатар сайд танилцууллаа. Ялаас өршөөхөд ялтан хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоосон гэмт хэргийн хохирлын тодорхой хувийг нөхөн төлж, бусад хэсгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байх, өршөөлд хамруулахгүй болон ялаас хасах, хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солихоор зааснаас бусад хөнгөн гэмт хэрэг үйлдэж, Эрүүгийн хуулийн 6.7.1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, 7.1 дэх зүйлд заасан журмын дагуу тэнссэн, 7.6 дугаар зүйлд заасан хорих ял оногдуулсан шүүхийн шийдэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан, 8.6 дугаар зүйлд заасан өсвөр насны хүнд хорих ял оногдуулсан шүүхийн шийдэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацааг тус тус өршөөн хэрэгсэхгүй болгохоор төсөлд холбогдох зохицуулалтуудыг тусгасан байна. Түүнчлэн Эрүүгийн хуульд зарим гэмт хэрэг үйлдэж, эрүүгийн хариуцлага хүлээсэн хоригдлын оногдуулсан ялаас, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасахаар тусгасан бөгөөд хорихоос өөр төрлийн ял оногдуулсан болон торгох ялын 15 нэгжийг, нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг, зорчих эрхийг хязгаарлах ялын 1 өдрийг хорих ялын 1 хоногоор тооцож, ялтны ялаас дүйцүүлэн хасах юм байна.

Өршөөлд хамруулахгүй гэмт хэргийг тодорхой тусгаж, хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хуулийн 7.4, 7.5, 9.4, 9.5, 9.6 дугаар зүйлд заасны дагуу хэрэглэсэн албадлагын арга хэмжээг өршөөлд хамруулахгүй гэв. ФАТФ-аас Монгол Улсыг “саарал жагсаалт”-д оруулсантай холбогдуулан Европын холбооны хар жагсаалт буюу мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай, өндөр эрсдэлтэй гуравдагч улс орнуудын жагсаалтад оруулж байсан. Монгол Улс дээрх хоёр жагсаалтад дахин орохгүйн тулд ФАТФ-ын зөвлөмжийн 3, 5, 35 болон шууд хэрэгжилтийн 7-д нийцүүлэн мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх, татвар төлөхөөс зайлсхийх, хулгайлах, дээрэмдэх, залилах, хөрөнгө завших, хүрээлэн байгаа орчны эсрэг зэрэг гэмт хэргүүдийг өршөөлд хамруулахгүй байхаар зохицуулсан гэв. Өршөөлд хамруулахгүй зааснаас бусад зөрчил үйлдэж, оногдуулсан торгох, баривчлах шийдвэрийг гүйцэтгээгүй байгаа, эсхүл хэсэгчлэн гүйцэтгэсэн бол үлдсэн хэсгийг нэг удаа өршөөн чөлөөлөхөөр, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд холбогдуулан нээсэн зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгохоор төсөлд тусгасан гэв.

    Хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуулийн 4.1, 4.2, 4.3, 4.4 дэх хэсэгт заасны дагуу хэрэглэсэн албадлагын арга хэмжээг өршөөлд хамруулахгүй байхаар хууль хэрэглэх журмыг тусгажээ. Мөн 2021 оны долдугаар сарын 1-ний өдрөөс өмнө Үндэсний их баяр наадмын тухай хууль тогтоомжид заасны дагуу үндэсний бөхийн барилдаан болон сур харваанд оролцох эрхээ хасуулсан бөх, сурын харваачийн Үндэсний их баяр наадамд оролцох эрхийг нэг удаа өршөөн сэргээхээр төсөлд тусгажээ. Тус хууль нь 2017 оны долдугаар сарын 30-ны өдрийн 24 цаг 00 минутыг хүртэлх хугацаанд 2002 онд баталсан Эрүүгийн хууль болон 2021 оны зургадугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө, 2015 онд баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг болон Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд хамаарах бөгөөд өршөөлд хамруулахгүйгээр зааснаас бусад гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүний хэрэг бүртгэх, мөрдөн байцаах болон шүүхээр хэрэг хянан хэлэлцэх шатанд байгаа хэргийг хэрэгсэхгүй болгохоор тусгалаа.

Хуулийн төсөл батлагдвал 150 хоригдол ялаас бүрэн чөлөөлөгдөж, 371 хоригдлын ялыг зорчих эрхийг хязгаарлахаар солих, 469 хоригдлын хорих ялаас хоёр жилийг хасах, өсвөр насны 25 хүн, нийт 1013 хоригдол хамрагдаж, 3129 хоригдол хорих анги, байгууллагад үлдэх юм байна. Мөн хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 2483, хорих ял оногдуулсан шүүхийн шийдвэр, тогтоолын биелэлтийг хойшлуулсан 158, хорих ялаас хугацаанаас нь өмнө суллаж, хяналт тогтоосон 1274, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан 160, нийт 39156 этгээд хамрагдах юм байна.

    Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат асуулт асууж, Х.Нямбаатар сайдаас хариулт авав. Хэлэлцүүлгийн явцад Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Д.Ганбат нарын гаргасан, төслийн хэлэлцэх эсэхийг хаалттай хуралдаанаар хэлэлцэх горимын саналыг дэмжих эсэхээр санал хураалт явууллаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон 15 гишүүний 11 нь дэмжлээ. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т “Хэлэлцэх асуудлын шинж байдал, гишүүдийн саналыг харгалзан асуудлыг хаалттай хуралдаанаар хэлэлцэж болно” гэж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3.Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 22.3-т заасны дагуу хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг хаалттай хуралдаанаар хэлэлцэж болно” гэж тус тус заасан, санал хураалтын дүнд үндэслэн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх хэлэлцүүлгийг хаалттай хуралдаанаар хэлэлцэхээр болов.

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэхийг дэмжлээ

    Дараа нь Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т “Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэнэ” гэж заасан байдаг. Энэ дагуу хуулийн төслийн анхны хэлэлцүүлгий зүйл бүрээр хэлэлцэв. Төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй. Хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй тул хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын саналыг Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар  гаргаж, эл саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Иймд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганын нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. Дараа нь дээрх хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцсэн. Төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүд зарчмын зөрүүтэй санал гаргаагүй, иймд хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын саналыг Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар  гаргасан. Горимын энэ саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь нь дэмжив. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганын нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэсэн.

Байнгын хорооны харьяа төсвийн ерөнхийлөн захирагчдын 2020 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэв

    Засгийн газраас 2021 оны зургадугаар сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Төрийн аудитын тухай хуульд заасан Үндэсний аудитын газрын бүрэн эрхийн хүрээнд Төсвийн тухай хуулийн дагуу төсвийн ерөнхийлөн захирагчдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2020 оны арван хоёрдугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат цахимаар танилцуулсан юм.

Хууль зүйн байнгын хорооны харьяа төсвийн ерөнхийлөн захирагчид буюу Хууль зүй, дотоод хэргийн сайд, Монгол Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Монгол Улсын ерөнхий прокурор, Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, Авлигатай тэмцэх газар, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга, Үндсэн хуулийн цэцийн дарга нарын санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлийн аудитын дүнг тэрбээр дэлгэрэнгүй танилцуулав.

    Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2020 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 227 байгууллагын санхүүгийн тайлан нэгтгэгдсэнээс 155 байгууллагад дүгнэлт гаргаж, 10 байгууллагад итгэл үзүүлж, 62 байгууллагыг аудитын түүвэрт хамруулсан байна. Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2020 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар нийт 10,681.5 сая төгрөгийн алдаа, зөрчил илэрснээс 63.3 сая төгрөгийн зөрчилд 34 төлбөрийн акт тогтоож, 6,240.5 сая төгрөгийн зөрчлийг арилгах 115 албан шаардлага хүргүүлж, 4,377.7 сая төгрөгийн алдаа, зөрчлийг давтан гаргахгүй байх 261 зөвлөмж өгчээ. Төсвийн ерөнхийлөн захирагчийн 2020 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар “Зөрчилгүй” дүгнэлт өгсөн бөгөөд аудитад хамрагдсан байгууллагаас 151 байгууллагад “Зөрчилгүй”, 4 байгууллагад “Хязгаарлалттай” дүгнэлт өглөө.

    Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын төсвийн 2020 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар “Хязгаарлалттай” дүгнэлт өгсөн бөгөөд нийт 311.0 сая төгрөгийн алдаа зөрчил илэрснээс, 164.4 сая төгрөгийн зөрчилд 3 албан шаардлага хүргүүлж, 146.6 сая төгрөгийн зөрчлийг арилгах, давтан гаргахгүй байх 5 зөвлөмж өгчээ.

Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн төсвийн 2020 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар “Хязгаарлалттай” дүгнэлт өгсөн бөгөөд нийт 224.2 сая төгрөгийн алдаа зөрчил илэрснээс, 156.5 сая төгрөгийн зөрчилд 3 албан шаардлага хүргүүлж, 67.7 сая төгрөгийн алдаа зөрчлийг арилгах, давтан гаргахгүй байх 4 зөвлөмж хүргүүлжээ.

    Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2020 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 43 байгууллагын санхүүгийн тайлан нэгтгэгдсэнээс 33 байгууллагад “Зөрчилгүй” дүгнэлт өгч, 1 байгууллагад “Хязгаарлалттай” дүгнэлт өгч, 6 байгууллагад итгэл үзүүлж, 3 байгууллагын санхүүгийн тайланг түүвэрт хамруулсан байна.

    Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2020 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар нийт 5,377.0 сая төгрөгийн 102 алдаа, зөрчил илрүүлснээс 4,095.4 сая төгрөгийн 22 алдааг залруулж, 2.4 сая төгрөгийн зөрчилд 3 төлбөрийн акт тогтоож, 74.6 сая төгрөгийн алдаа зөрчлийг арилгах 7 албан шаардлага хүргүүлэн, 1,204.6 сая төгрөгийн зөрчилд 70 зөвлөмж хүргүүлсэн гэв.

Монгол Улсын Ерөнхий прокурорын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2020 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар “Зөрчилгүй” дүгнэлт өгсөн бөгөөд харьяа 41 төсвийн байгууллагын санхүүгийн тайлан нэгтгэгдсэнээс 36 байгууллагад Зөрчилгүй дүгнэлт өгч, 2 байгууллагад итгэл үзүүлж, 3 байгууллагыг аудитын түүвэрт хамруулсан. Монгол Улсын Ерөнхий прокурорын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2020 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар нийт 6,591.8 сая төгрөгийн алдаа, зөрчил илрүүлснээс 4,755.6 сая төгрөгийн 25 алдааг аудитын явцад залруулж, 0.3 сая төгрөгийн зөрчилд 3 төлбөрийн акт тогтоож, 34.6 сая төгрөгийн 10 зөрчлийг арилгах албан шаардлага хүргүүлж, 1,801.3 сая төгрөгийн зөрчлийг арилгах, давтан гаргахгүй байх 63 зөвлөмжийг хүргүүлжээ.

    Авлигатай тэмцэх газрын даргын төсвийн 2020 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар “Зөрчилгүй” дүгнэлт өгсөн бөгөөд, аудитаар зөрчлийг арилгах, давтан гаргахгүй байх 1 зөвлөмжийг хүргүүлсэн гэлээ.

    Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын даргын төсвийн 2020 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар “Зөрчилгүй” дүгнэлт өгсөн бөгөөд аудитаар нийт 11,906.9 сая төгрөгийн алдаа зөрчил илэрснээс, 11,904.8 сая төгрөгийн зөрчилд 2 албан шаардлага хүргүүлж, 2.1 сая төгрөгийн алдаа зөрчлийг арилгах, давтан гаргахгүй байх 1 зөвлөмж өгсөн байна.

    Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргын төсвийн 2020 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар “Зөрчилгүй” дүгнэлт өгсөн бөгөөд аудитаар нийт 111.5 сая төгрөгийн алдаа,зөрчил илэрснээс 35.1 сая төгрөгийн алдааг залруулан, 76.4 сая төгрөгийн зөрчлийг арилгах 1 албан шаардлага хүргүүлж, алдаа, зөрчлийг арилгах, давтан гаргахгүй байх 3 зөвлөмж өгсөн байна.

    Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбатын танилцуулсан аудитын дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Б.Энх-Амгалан, Б.Пүрэвдорж нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсан. Ийнхүү Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр шийдвэрлэв.

Дараа нь “Томилгооны сонсголын журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асуух, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул төслийг хэлэлцсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болсон. Үүгээр Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан завсарласан бөгөөд үдээс хойш 13.00 цагт Байнгын хороо хаалттай горимоор хуралдаж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Таны сурталчилгаа