Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгчид Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг бараалхаж, хүндэтгэл үзүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өнөөдөр Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг бараалхаж, хүндэтгэл үзүүллээ.

Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг ард түмний дийлэнх олонхын итгэлийг хүлээж Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяр хүргэж, шүүхийн байгууллагуудын үйл ажиллагааны талаар товч танилцуулга хийлээ.

Түүний танилцуулснаар, өнөөдөр Монгол Улсын хэмжээнд 117 шүүхэд 518 шүүгч ажиллаж байгаагаас 388 шүүгч анхан шатанд, 107 шүүгч давж заалдах шатанд, 23 шүүгч хяналтын шатанд ажиллаж байна. Улсын хэмжээнд нэг жилд дунджаар 90 мянга орчим хэрэг хянан шийдвэрлэгддэг учраас нэг шүүгчид оногдох ачаалал өндөр байдаг гэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч шүүгчид, шүүх байгууллага улс төрийн дарамт, шахалтгүй орчинд ажиллах ёстой учир цаашид энэ зарчмыг хатуу баримтлан ажиллана гэдгээ онцгойлон дурдав.

Мөн шүүх байгууллагын шинэчлэлийг зориг гарган тууштай хэрэгжүүлэх нь чухал байгааг онцлоод, энэ шинэчлэлийг хийж чадна гэдэгт бүрэн итгэж байгаагаа хэлэв.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч хэлэхдээ, “Аливаа шинэчлэл бол зориг гарган хийдэг ажил байдаг. Шүүхийн шинэчлэлийг эрчимжүүлэхэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс хуулийн хүрээнд бүх талын дэмжлэг үзүүлж хамтран ажиллана. Улс төрчид шүүгчид нөлөөлөх гэж оролддог, хууль бусаар нөлөөлдөг бусармаг явдалтай Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд эрс хатуу тэмцэнэ” гэлээ.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч шүүх засаглал бохирдсон бол түүнийг нь гадагшлуулж чаддаг системтэй байх ёстойг сануулж, гэм зэмтэй хүн ял завшдаг, гэмгүй хүн ял авдаг байдал хэрхэвч байж болохгүй гэдгийг онцлон дурдлаа.

Таны сурталчилгаа