Цаг үеийн мэдээ

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг өчигдөр өөрийн цахим хуудастаа Оюутолгойн асуудлаар байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр "Рио Тинтод одоо цаг хугацааг хойшоо тавьж, хүлээж суух бололцоо байхгүй. Тэдний хувьд бас цагийн тоолуур адилхан ажиллаж байгаа учраас энэ гэрээ хэлэлцээний ширээнд суухаас өөр арга байхгүй. Тийм учраас энэ шинэ нөхцөл байдлаа, энэ шинэ “Хөзөр”-ийгөө Монгол Улсын Засгийн газар гүйцэд ашиглах хэрэгтэй" гэв.

Үүний дараа ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: "Ярилцлагыг нь үзсэн, их сандарсан байна лээ. Өөрөөр хэлбэл харийн нутагт харийн компанийн PR  хийж буй ядмагхан яриа байсан. МУ-ын Засгийн газрын ажлын хэсэг хөрөнгө оруулалтын гэрээ, оюу толгойн үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаад бараг 6 сар болж байна. Бага багаар ахиц гарч байгаа. Бүр ойлголцохгүй ч зүйл байна.

Харийн нутгаас харийн компаний ПР маркетинг хийж суухаар ирж элгэн садандаа энэ төслийг Монголчуудад ашигтай байх тал дээр анхаар" гэв.

Харин өнөөдөр /2021.10.30/ Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт хандан ийн бичжээ. Тэрээр: 

"Хаданд гарсан Нянгар, миний дүү, өөрийг чинь бодоод, амьхандаа хамгаалаад байр сууриа илэрхийлсэн чинь үг ойлголгүй өрвөлзөхийг чинь хараад ах хүний хувьд хэдэн хатуу үг хэлчихье гэж үнэхээр бодлоо. 

Уг нь тэнэг хүний дуугүй нь сүртэй гэж манай ард түмэн ярьдаг даа. 

Миний дүү, миний сандарсанд санаа нь чилээ юу? Чамаас айж би сандарлаа юу? Бага минутанд их зүйл багтаах гэж л хурдан ярьлаа. Ер нь ч би хурдан ярьдаг. Хуучин гишүүд ч сайн мэднэ. Бодол санаагаа гүйцэж ярих хурд нь л тэр. Харин чамайг ингэж будилж явж, ямар алдаа хийх бол гэдгээс л санаа зовж сууна. 

Өнөөдөртөө чи Хонгилын түлхүүр атгаад их л маадгар байна. Давхар стандарттай-Махны машиндаа оруулахаар урилга заллага явуулаад овоо байх шив. Маргааш энэ Махны машиндаа өөрөө хэрчүүлэхээ л урьдчилж сайн хар! Үндсэн хуулиар олгогдсон, Үг хэлэх эрх чөлөөнийхөө төлөө Д.Монголхүү, Э.Одбаяр нар чамайг Хууль зүйн сайд байхад анх удаа хоригдлоо! Чи асуудал хариуцсан сайдын хувьд байр сууриа илэрхийлээч, залуусыг бүгдийг нь суллаач! 

Залуу хүн байж Дарга цэрэг, Сайд иргэн гэсэн нэг л их каст, давхарга ярьсан хүн байх юм. Чи албан тушаалыг түр зуурынх, ажил хийх, асуудал шийдэх түр зуурын боломж л гэж хар. Өөрт нь хэрэг болох, өөрийг нь хамгаалах гэхэд Хаданд гарсан албан тушаалаас нь ховхлох гэж байна гэж хардаж, харин өөрөө бүү сандар. Хаа хамаагүй Ерөнхийлөгч, Ерөнхий сайд байсан хүмүүстэй жин өгсөж бүү арцалд. 

Миний дүү, эхлээд ТЭЗҮ, санхүүгийн тайлангаа ялгаад сурчих. Наад том компани чинь хэдхэн тоо хөдөлгөөд чам мэтийн хүүхдээр дэндүү амархан тоглочихно. Рио Тинто компани Монголын Засгийн газрыг 34 хувь эзэмшсэний төлөө 22 тэрбумын өрөнд оруулж байгаа бол бараг 2 дахин их- 66 хувь эзэмшиж байгаагийн хувьд адилхан зээл авсан тэдний талын 44 тэрбумын өрөнд унаж байгаа тэдний гаргасан тооцоолол дээр эхлээд ажиллачих. Гэхдээ чи биш шүү. Гадна дотны жинхэнэ мэргэжилтнүүд хөлсөлж ажиллуул. Мэргэжилтнүүдийнхээ нэг талын биш олон талын, харьцуулсан саналыг нь сайн сонс, бас ойлго! 

Чи одоо 22 тэрбумын өрөнд оруулчихсан гэдэг гадны заль мэх, өгөөшинд дэндүү автаж итгээд, (чамд үнэн мөн нь чухал биш, Дубайн гэрээ “алаад хаясан” гэдэг улс төр нь л чамд гоё сонсогдож байгаа л даа) олон түмэнд ч мянга давтаад, овоо итгүүлэх маягтай харайж явна. Хэлэлцээний төгсгөлд чинь тэд нар ТЭЗҮ дээрх хэдхэн тоогоо хөдөлгөөд л тээр хараа биз,  22 тэрбумын өрийн асуудлыг чинь нааштайгаар шийдсэн шүү гээд л чамайг хуурна. Ардаа арай том асуудлуудаа аваад үлдэнэ! 

“Нохойд барьдаг мод шиг“ битгий өөрийгөө ашиглуулаад микрофон харахаараа л ханцуйгаа шамлаад цээжээ түрээд гүйгээд бай. Тэр Ц.Нямдорж ахыгаа хар. Хэд буудуулсан хашир бурхи шиг “Оюу толгой" асуудал одоо зөвхөн Х.Нямбаатарынх” гээд дошноосоо цухуйхгүй байгаа биз? Яг чам шиг урдах ажил нь бус улс төр нь чухал байдаг улс төрчдөөс холдуулах гэж Миний үед мэргэжлийн хүмүүсээр ахлуулж бүх яриа хэлэлцээг хийлгэсэн байдаг юм. Чи энэ  асуудлыг яаж ч амжилттай шийдсэн, их хурдан бол энэ Их хурлын үед, арай алгуур бол ирэх Их хурлын үе гэхэд өнөөдөр өөрөө хараагаад байгаа Оюу толгойн гэрээг байгуулсан, үргэлжлүүлсэн хүмүүстэйгээ нэг эгнээнд жагсаж балбуулах л болно. Карма гэж юм бас байдаг юм шүү. 

Зэсийн үнэ 10 мянга гарсан прогноз ойрын хэдэн жилдээ үргэлжлэхээр байна, Рио тинто  төсөлдөө авсан зээл хөрөнгийн цаг хугацааны тоолуур адилхан ажиллаж байна. Далд уурхайн бүтээн байгуулалтад нэгэнт хэдэн тэрбумаар тоологдох хөрөнгө оруулалт хийчихсэн байна, удирдлагад нь арай хэл амаа ололцож болох хүмүүс солигдож ирсэн байна гээд чамд урдах Засгийн газруудад байгаагүй өчнөөн боломж өчнөөн шинэ ”Хөзөр” байна. Тийм болохоор чи хойш суулгүй шийдэх л хэрэгтэй! 

Хаданд гарсан Нянгар, Миний дүү, хүн эрдэм боловсрол муутай байж болно, эргүү тэнэг л байж болохгүй шүү!" гэжээ. 

Таны сурталчилгаа