Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Канад Улсын Элчин сайд хатагтай Катрин Ивкофыг 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч уулзав.
Элчин сайд К.Ивкоф Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь баяр хүргэж, амжилт хүсээд Монгол, Канадын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө нягт хамтран ажиллахын зэрэгцээ Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж ажиллахаа нотлов.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол, Канадын хамтын ажиллагаа улс төр, эдийн засаг болон бусад чиглэлээр идэвхтэй хөгжиж байгааг тэмдэглэж, цаашид энэхүү найрсаг харилцаагаа бататган бэхжүүлж, Иж бүрэн түншлэлд хүргэхийн төлөө Ерөнхийлөгчийн хувиар бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.
Уулзалтын үеэр Канадын хөгжлийн хөтөлбөрийн төслүүд амжилттай хэрэгжиж, манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаад талууд сэтгэл хангалуун байгаагаа харилцан нотоллоо. Түүнчлэн хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж, Монгол Улс НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэж ирснийг онцлон тэмдэглэв.
Талууд цаашид уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, ойн аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, боловсролын салбарт хамтран ажиллах, Канадын туршлага, техник, технологи, инновацыг нэвтрүүлэх талаар санал солилцож, КОВИД-19 цар тахлыг хамтын хүчээр даван туулж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.