Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан, Ш.Адьшаа, С.Амарсайхан, Э.Бат-Амгалан, Ж.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, С.Бямбацогт, Ж.Ганбаатар, Д.Ганбат, Г.Ганболд, Ц.Даваасүрэн, Б.Жаргалмаа, Л.Мөнхбаатар, Ц.Мөнхцэцэг, М.Оюунчимэг, Ц.Сандаг-Очир, Б.Саранчимэг, Д.Тогтохсүрэн, Ч.Ундрам, Ж.Чинбүрэн, Б.Энх-Амгалан нар Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барисан.
Үүнтэй холбогдуулан Монголын даатгалын холбоо, Монголын Даатгалын Зуучлагчдын Холбоо, Монголын Хохирол Үнэлэгчдийн холбооноос хэвлэлийн хурал хийлээ.
Монголын даатгалын холбооны удирдах зөвлөлийн дарга П.Эрдэнэбаатар: "УИХ-ын даргад өргөн барьсан Албан журмын даатгалын тухай хуулийг олж уншаад цочирдлоо. Есөн жилийн хугацаанд амжилттай ажиллаж буй 5 мянган хүнтэй энэ салбарын үйл ажиллагааны талаар буруу ташаа мэдээлэл тарааж, даатгалыг улсад авна гэдгийг хуульдаа тусгажээ. Энэ нь даатгалын салбарыг хөгжүүлэх биш булшлах хуулийн төсөл болсон гэж харж байгаа. Бид үүнийг эсэргүүцэж байна.
Даатгал бол нөөц сан байгуулж, ирээдүйд учрах эрстлийг хаадгаараа онцлог. Албан журмын даатгалын сан байгуулагдаад есөн жил болж байна. Энэ хугацаанд даатгалын компаниудын тээврийн хэрэгсэл эзэмшигчдийн татвараас төвлөрүүлдэг мөнгөний арван хувийг төрөөс жил бүр авч ирсэн. Ингэснээр өдгөө 27 тэрбум төгрөгийн нөөц санг бүрдүүлжээ. Гэхдээ сангийн мөнгө хаана хадгалагдаад хэрхэн зарцуулж, хөрөнгө оруулалт хийж байгаа нь тодорхойгүй" хэмээн мэдэгдсэн бол
Энэхүү мэдэгдлийн дараа УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан өөрийн цахим хуудастаа : "Хэн нэг компани төрийг дарамталж, шантаажилна гэж байхгүй. Жилдээ автомашины сайн дурын гэгч даатгалаас 4 тэрбум, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалаас 3 тэрбумыг халаасалдаг даатгалын зарим компани жолооч нарыг үргэлжлүүлэн шулахын тулд 150 сая төгрөгийг хуулийн өөрчлөлтийг муучлах пи ар, телевиз, УИХ-ын гишүүдийг хувааж авч лоббидоход зориулж гаргасан байна. Энэ ажлыг нэр бүхий компанийн төлөөлөл Б., Б., Г. нар хариуцан гүйцэтгэж байна. Угтаа энэ бол жолооч нарт нөхөн төлбөрт өгвөл зохих жолооч нарын мөнгө юм. УИХ-ын олон гишүүд компанийн лоббид автахгүй, нийтийн эрх ашгийн талд хатуу байр суурьтай байгаа.
Нийтийн эрх ашгийн төлөөх хуулийн төсөл энэ 7 хоногт хэлэлцэгдэнэ!
Даатгалын компаниудын эрх ашиг хүчтэй юу, 1 сая жолооч иргэдийн эрх ашиг хүчтэй юу гэдгийг ДАВАЛГААЛАН ХАРУУЦЛГААЯ!
Жолооч нарын эрх ашгийн төлөөх хуулийн өөрчлөлтийг ДЭМЖИЖ БАЙВАЛ ЦААШ НЬ ТҮГЭЭЦГЭЭЕ!
ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТӨӨР:
Жолоочийн хариуцлагын даатгалыг ашгийн бус, төрийн оролцоогүй, жолооч иргэдийн төлөөлөл бүхий нийтийн эрх зүйн хуулийн этгээд эрхлэх хуулийн төслийг УИХ-ын нэр бүхий 20 гишүүн санаачлав.
Хууль батлагдсанаар:
1. Хохирлыг бодитоор үнэлдэг болно.
2. Эрүүл мэнд, амь насны хохирол гараагүй бол цагдаагийн тодорхойлолт шаардахгүйгээр, давхар зөрчлийн оноо хасуулж, торгуулахгүйгээр даатгалаас нөхөн төлбөр авдаг болно.
3. Осол гарсан даруйд засварын газарт шууд очиж автомашинаа засуулдаг болно. /Төлбөр тооцоо Даатгалын сангаас засварын газарт шилжинэ. Үндэслэлгүй үнэ өсгөх, чанаргүй засвал гэрээг цуцлах хяналтыг тавина./
4. Зөвхөн автомашин эзэмшигч даатгал төлж, тухайн автомашиныг жолоодсон гэр бүл, үр хүүхэд, бусад хүмүүс даатгалтайд тооцогдоно.
5. Осол гаргаагүй жолооч нарын даатгалын хураамжийг бууруулна.
6. Заавал өөрийн биеэр даатгалын компанид очихгүйгээр цахимаар даатгалд хамрагдах, зарим тохиолдолд газар дээр нь шуурхай алба очихгүйгээр цахимаар ослын нөхцөлийг тодорхойлох боломжтой болно.
7. Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын үйл ажиллагааг эрхлэх хуулийн этгээдийн удирдах бүрэлдэхүүнд даатгуулагч буюу жолооч нараас төлөөлөл орж, хяналт тавих боломжтой болно.
8. Даатгалын санд хуримтлагдсан мөнгө хэн нэгэнд ашиг болохгүй, үүнийг жолооч нарын өөрсдийнх нь төлөө зарцуулна: Соён гэгээрүүлэх, сургах, ослыг бууруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах" зэрэг асуудлууд тусгагдсан гэжээ.