Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ноос өнгөрсөн нэгдүгээр сараас сар бүр бөхийн төрөл тус бүрт шилдгүүдийг тодруулдаг болсон билээ. Анхных буюу 2022 оны нэгдүгээр сарын шилдэг эмэгтэй бөхөөр Иван Ярыгиний Гранпригийн 53 кг-д түрүүлсэн ОУХМ Б.Болортуяа тодорч байв. Тэгвэл хоёрдугаар сарын шилдэг эмэгтэй бөхөөр өнгөрсөн долоо хоногт Стамбулд болсон дэлхийн чансааны оноо олгох тэмцээний 62 кг-ын жинд алтан медаль хүртсэн, гавьяат тамирчин Сүхээгийн Цэрэнчимэд шалгарчээ. С.Цэрэнчимэд Стамбулд дөрөв барилдахдаа олимпын хүрэл медальт, дэлхийн аварга Тайбе Юсейн (Болгар), олимпын хүрэл медальт Сакши Малик (Энэтхэг), Марва Амри (Тунис) нарыг цэвэр ялсан юм. Чөлөөт бөхийн шилдэг эрэгтэй тамирчнаар Яшар Догугийн ОУТ-ий 70 кг-д аваргалсан Амирмохаммад Яздани (Иран), сонгомол бөхийн шилдгээр 77 кг-д түрүүлсэн Юнус Басар (Турк) нар тодров.