Увс аймгийн Хяргас сумын харьяат, Монгол улсын начин Цэдэвийн Цэрэнхүүгийн нэрэмжит барилдаанд даян аварга Н.Батсуурь, улсын арслан Ц.Содномдорж, улсын гарди М.Бадарч, улсын заан Б.Соронзонболд, улсын харцага Н.Золбоо, Б.Зоригтбаатар, Б.Цэдэнсодном, Ш.Пүрэвгарьд, Ц.Мөнхбаяр тэргүүтэй 128 бөх зодоглосноос Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, “Алдар” СХ, АПУ ХК, “Их монголын хүчтэн” дэвжээний бөх, улсын харцага Баянзулын Цэдэнсодном түрүүлж, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, “Сүлд” СХ, “Бөхбилэгт” дэвжээний бөх, МУГТ, цэргийн арслан Лхагвасүрэнгийн Отгонбаатар үзүүрлэв. Их шөвөгт Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, “Монос” групп, МИАТ ХК, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөх, улсын арслан Ц.Содномдорж, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, “Хүч” СХ, “Мөнхийн үсэг” групп, “Их богд” дэвжээний бөх, улсын харцага Н.Золбоо нар шалгарлаа. Дунд шөвгийн наймд аймгийн хурц арслан Э.Ууганбаяр, Т.Пүрэвсүрэн, аймгийн арслан М.Бямбадорж, Я.Бумбаяр нар үлдэв.
Барилдааны үеэр бөхчүүд, жаяг дэгийн багийнхны дунд азтан шалгаруулсан бөгөөд у.н Б.Ганхуяг монгол гутал, а.з Э.Бат-Эрдэнэ зодог шуудаг, а.а Ж.Алтаншагай малгай хийлгэх эрхийн бичиг гардсан бол а.а Т.Буянжаргал хурдан удмын адууны эзэн боллоо.
Маргааш 12:00 цагаас Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын харьяат улсын начин Бадарчийн Батбаярын нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан Монгол Бөхийн Өргөөнд болно. Барилдах бөхчүүдийг тухайн өдрийн 10:00 цагаас бүртгэнэ.