Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор МХБХ-ны Футзалын 21 аймгийн аварга шалгаруулах тэмцээн 2-р сарын 27-ноос Баянхонгор аймгийн Номундалай цогцолбор сургуулийн зааланд эхэлж өнөөдөр хаалтын ажиллагаа явагдаж тун амжилттай өндөрлөлөө.
Тус тэмцээнд нийт 19 аймгийн шигшээ баг дээд болон нэгдүгээр шатанд өрсөлдөж өнөөдөр медалийн төлөөх тоглолтууд явагдаж нэгдүгээр шатны хүрэл медалийн төлөө талбайн эзэн Л.Амарбаясгалан дасгалжуулагчтай Баянхонгор болон Б.Батсайхан дасгалжуулагчтай Өмнөговь аймгуудын тоглолт 7-2 харьцаатайгаар Баянхонгор аймаг ялалт байгуулж, мөн дээд шатны хүрэл медалийн төлөө М.Сэргэлэн дасгалжуулагчтай Орхон болон Ч.Батзангиа дасгалжуулагчтай Дорноговь аймгуудын тоглолтод Орхон аймгийн шигшээ баг 8-3 харьцаатай ялалт байгуулснаар хүрэл медалийн болзлын хангалаа.
Тэгвэл нэгдүгээр шатны аваргын төлөө Ц.Өсөхбаяр дасгалжуулагчтай Сүхбаатар болон Отгонбаяр дасгалжуулагчтай Ховд аймгуудын тоглолт тун сонирхолтой явагдаж 5-3 харьцаатай Ховд аймгийн шигшээ баг түрүүлснээр дараа жилийн тус тэмцээнд Сүхбаатар аймгийн хамтаар дээд шатанд өрсөлдөхөөр болж дээд шатны аваргын төлөө С.Жаргалсайхан Дархан-Уул болон Л.Наранбаатар дасгалжуулагчтай Дорнод аймгууд хооронд явагдаж 6-2 харьцаатайгаар Дархан-Уул аймгийн шигшээ баг дөрөв дараалан Футзалын 21 аймгийн аварга шалгаруулах тэмцээнд дөрөв дараалан түрүүллээ.
Тоглолтуудын дараа хаалтын ажиллагаа явагдаж тус тэмцээний шагналт байруудад болон шилдгүүдийн шагналыг гардуулахаар МУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх, МХБХ-ны зөвлөлийн гишүүн М.Болд, Баянхонгор аймгийн засаг дарга Д.Мөнхсайхан, МХБХ-ны Зөвлөлийн гишүүн С.Жаргалсайхан, Монгол улсын анхны шигшээ багийн ахлагч ОУХМ М.Доржпалам, Мастеруудын зөвлөлийн дарга Л.Энхбаатар, Баянхонгор аймгийн ХБХ-ны УЗ-ын гишүүн, Тэмцээний зохион байгуулах комиссын дарга Г.Батжаргал болон гишүүд нар хүрэлцэн ирсэн юм.
Тэмцээний дээд шатны шигшээ тоглолтыг үнэн зөв шударгаар шүүн дэнслэн явуулсан шүүгч нарт дурсгалын медалийг гардуулан өгч мөн тус тэмцээнд бусдыгаа манлайлж шилдэг нь байсан тоглогчдыг тодруулахад нэгдүгээр шатанд шилдэг хаалгачаар Х.Золбоот /Сүхбаатар/, тоглогчоор Б.Бат-Эрдэнэ /Ховд/, довтлогчоор 16 гоол оруулсан Н.Бямбадорж /Ховд/ нар тодорсон бол дээд шатанд шилдэг хаалгачаар Э.Пүрэврагч /Дархан-Уул/, тоглогчоор Э.Хосбаяр /Дархан-Уул/, довтлогчоор 15 гоол оруулсан Б.Баяржаргал /Дорноговь/ тус тус тодорлоо.