Цаг үеийн мэдээ

МҮБХ-ын тэргүүн Ц.Магалжаваас цаг үеийн асуудлаар тодрууллаа. 

3 сарын 5-нд болсон Увс аймгийн Хяргас сумын харъяат, улсын начин Ц.Цэрэнхүүгийн нэрэмжит улс, аймгийн алдарт, цолтой бөхчүүдийн барилдааны үеэр допингийн эсрэг төвөөс шинжилгээ авах гэж ирсэн байна. МҮБХ тухайн шинжилгээг авхуулаагүй гэх мэдээлэл байна. Энэ тухай мэдээлэл өгнө үү?

Допингийн шинжилгээг 3,4 дүгээр сард авах талаар МҮБХ допингийн эсрэг байгууллагад саналаа хүргүүлсэн. Энэ шинжилгээг хэрхэн авах вэ, бөхийг яаж сонгох вэ гэдгийг тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэх асуудал байсан учраас допингийн төвийн ажиллагсдыг 3 сарын 5-ны өдрийн барилдаанаас буцаасан. 

Эдгээр ажилчид хэний хүсэлтээр шинжилгээ авахаар ирсэн бэ?

Бөхчүүд допингийн эсрэг байр сууриа илэрхийлж байгаа. Тэрний нэг хэлбэр нь бөхчүүд допингийн шинжилгээний зардал мөнгөд нэмэр тус болъё, өөрсдөөсөө гаргая гэж нэр бүхий 1 бөхөөс ирсэн асуудал байгаа.  Тухайн бөх допингийн эсрэг байгууллагын ажиллагсадтай ирээд шинжилгээг ийм бөхчүүдээс авна гэсэн санал гаргасан явж байсан. Энэ асуудлыг тэргүүлэгчид хэлэлцэнэ гэж хэлээд буцаасан. Сая 3 сарын 7-ны өдрийн Тэргүүлэгчдийн хурлаараа шинжилгээг авна, авахдаа журмын дагуу авна гэсэн шийдвэрийг гаргасан. 

Өчигдөр мэдээллийн хэрэгслээр Улсын арслан Ц.Содномдорж энэ хүсэлтийг гаргасан, нэр бүхий бөхчүүдээс допингийн шинжилгээ авхуулъя гэдэг хүсэлтийг допингийн эсрэг үндэсний төвд тавьсан байна шүү дээ? 

Тийм. Допингтой тэмцэх нь бөх бүрийн үүрэг, эрх байж болно. Бөхийн холбооны мөн үүрэг. Гэхдээ үүнд мөн дүрэм журмыг баримтлаад тэргүүлэгчдийн хурлыг тогтоол, шийдвэрийг дагах хэрэгтэй. 512 бөхийн барилдаан дээр ч гэсэн бид шинжилгээ авна гээд тогтоол гаргасан байсан. Тэрнийхээ дагуу л авсан шүү дээ. Тэрэнтэй бас адилтгаад яваад байж бас болохгүй байгаа юм. 

Тухайн шинжилгээ авхуулах бөхчүүдийн нэрс тодорхой болсон байсан. Улсын аварга Н.Батсуурь, Улсын гарьд М.Бадарч, Улсын харцага Н.Золбоо, аймгийн арслан Ц.Бямба-Отгон гэсэн хүмүүсийн нэрс байсан. 

3 сарын 5-ны өдрийн барилдаанд барилдахаар бүртгүүлсэн 128 бөхөөс нэр заагаад 7-8 бөхийн нэр гаргасан байсан юм байна лээ. Ингэж болохгүй гэдгийг допингийн эсрэг байгууллагад хэлсэн. Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцээд хэнээс нь авах уу гэдгээ тэргүүлэгчид шийдвэр гаргая, эсвэл допингийн эсрэг байгууллага мэргэжлийн шинж тэмдгээрээ авч болно тогтоол шийдвэр гаргаж байж авахгүй бол допингийн эсрэг байгууллага дураараа хүрч ирээд, эсвэл ямар нэгэн байдалд автаад ингээд яваад байж болохгүй болов уу гэдгийг гаргасан. 

1 хүний хүсэлтээр допингийн төв ирж шинжилгээ авч болдог уу? 

Хардах эрх хүн бүрт байж болно. Зардал мөнгөний асуудлаа шийдээд шинжилгээ авхуулъя гээд ирэхэд Үндэсний бөхийн холбоо дэмжиж ажиллахаас аргагүй. Допингийн эсрэг байгууллага бол энэ дээр нухацтай хандаад Үндэсний бөхийн холбоотой холбогдож байгаад ирэх ёстой юм байгаа юм. Гол зарчим энэ. 

Тухайн өдөр мэдэгдээгүй юу?

Шууд хүрээд ирсэн. 

Саяхан та бүгд Монгол улсын Ерөнхийлөгчтэй уулзсан. Тухайн уулзалтаар бөхийн салбар хорооны гишүүдтэй бөхчүүд, бөхийн холбоог уулзуулна гэсэн. Тэр уулзалт хэзээ болох вэ?

2020 оны бөхийн салбар хорооны шийдвэрээс үүдэлтэй асуудал л даа. Сар шинийн бөхийн барилдаанд барилдана, барилдуулахгүй гэдэг асуудал үүссэн учраас Монгол улсын Ерөнхийлөгчийн  зүгээс баяр наадмын комиссын дарга Шадар сайдад бөхийн салбар хороог түргэн байгуулаад, бөхийн барилдааныг эсэргүүцэж байгаа бөхчүүдийн төлөөлөлтэй уулзалтыг хийлгээрэй гэсэн. МҮБХ бол 2 сарын 28-ны өдөр Шадар сайдад  саналаа хүргүүлсэн. Бөхийн салбар хорооны комиссын дарга ажлаа өгсөн учраас шинэ даргыг томилоод даруйхан уулзалт болно. Уулзалт нээлттэй болно байх гэж бодож байна. 

Допингийн явцын шинжилгээг авна гэдгийг МҮБХ-ноос мэдэгдсэн. Энэ явцын шинжилгээ хэзээ авагдах вэ? Зардал мөнгөний асуудал дээр ямар асуудал байна вэ?

Үндэсний бөхийн холбооны бөхийн барилдааны дүрэмд заасан. МҮБХ бөхийн дэвжээтэй хамтарч допингийн шинжилгээ авна, дэвжээдийг татан оролцуулна гэж заасан. Үүнийхээ дагуу  энэ 3, 4, 5 дугаар сард шинжилгээнүүдийг авч эхэлнэ. Гагцхүү үүн дээр нэг асуудал хүлээгдэх болчихоод байгааг та бүхэн ойлгох хэрэгтэй. Биеийн тамир спортын улсын хорооноос Монгол улсын засгийн газраас допингийн эсрэг үндэсний журмыг батлуулах асуудал сая 2 дугаар сард гарч амжсангүй. 3 сард батлуулж амжих нь уу. Энэ үндэсний журмыг батлах хэрэгтэй байгаа юм. Үндэсний журам батлагдах юм бол мэргэжлийн спортын холбоод бөхийн салбар комиссууд  энэ байгууллагуудын ноогдуулах хариуцлага шийтгэл зөрчлийн асуудал тодорхой болох юм. 

Бид энэ үндэсний журмыг батлуулахыг хүлээж байна. БТСУХ-ноос ЮНЕСКО руу журмынхаа төслийг явуулсан юм билээ. Тухайн Олон улсын дээд байгууллага нь дэмжээд явах юм бол журмыг Засгийн газар даруй батална гэдгийг эрх бүхий хүмүүс хэлж байгаа. 

Үндэсний баяр наадмын тухай хууль хаврын чуулганаар орох болов уу гэж бодож байна. Энэ жил ээлжит Их Эе болох хугацаа болсон. Ээлжит Их Эе  хэзээ болох вэ?

Баяр наадмын тухай хууль үндэсний их баяр наадмаас өмнө УИХ-ын чуулганаар орох нь тодорхой. Хурдан морины асуудал, бөхийн асуудлууд байна. 2003 онд батлагдсан хуульд нэлээн алдаа дутагдлууд байдаг. Тэгэхээр баяр наадмын хууль хаврын чуулганаар орно байх. 

Үндэсний бөхийн холбооны Их Эе 2018 онд болсон. 2022 онд хийгдэнэ. Наадмаас өмнө хийх нь зөв зохистой болов уу гэж бодож байна. Удахгүй дүрмийн дагуу цэцдийн зөвлөлөөс товыг гаргана.

Таны сурталчилгаа