Үндэсний шагайн харвааг Монгол улсын хэмжээнд хөгжүүлэн Соёлын биет бус өвийг тээн, уламжлалт ёс жаягийг хадгалан, залуу халааг бэлтгэж буй Монгол Улсын хошой мэргэн Чойжилын Буянжаргал ахлагчтай багийн мялаалга харваа өнөөдөр эхэллээ.
Өнгөрсөн онд зохион байгуулагдсан Улсын аварга шалгаруулах үндэсний шагайн харвааны 31 дэх удаагийн тэмцээнд Монгол Улсын хошой мэргэн Чойжилын Буянжаргал ахлагчтай баг тамирчид 2 дугаар байранд, Д. Сонинбаатар ахлагчтай баг тамирчид 3 дугаар байранд шалгарсан амжилтыг үзүүлсэн билээ.
Манай аймгаас үе үеийн олон сайн харваач төрөн гарсан бөгөөд үүнээс дурдвал Б.Цэвэграш, Н.Гаадан нар халхын домогт харваач хэмээх эрхэм цол алдрыг хүртсэн байна.
Мөн Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Басхүү, Монгол улсын үлэмж дархан мэргэн, спортын мастер О.Золбоо, Ц.Идэрзориг, З.Амгаланбаатар Х.Хосбаяр, Одсүрэн зэрэг олон сайн харваач мэргэдүүд байна.
Монгол Улсын хошой мэргэн Чойжилын Буянжаргалын мялаалга харваанд хүндэтгэл үзүүлж хол ойроос олон мэргэн харваачид манай аймагт ирээд байна.