Нийслэлийн Ардчилсан намаас “Үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх Амаа нээх эрх олго” дарангуйлагчид огцор эсэргүүцлийн цуглааныг /2022.05.25/ Хэлмэгдэгсдийн хөшөөний урд зохион байгуулж байна.
Энэ үеэр Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл: “Намайг касктай ирснийг харж байгаа байх. Яагаад гэвэл Путиний гар хөл өнөөдөр намайг ташуурдана гэсэн. Монгол хүн тэргүүнээ хамгаалахгүй бол болохгүй. Путиний ташуурыг хугартал нь тэмцэнэ. Монгол улсынхаа эрх чөлөө тусгаар тогтнолыг хамгаална. Хэзээ ч ард түмнээ, эрх чөлөөгөө ташуурдуулахгүй. Мөн дайныг эсэргүүцсэн иргэдийг цагдаагийн байгууллагаас удаа дараа дуудан шалгаж, байцааж байна. Иргэд эрх чөлөөгөө хамгаалж гомдол гарган цагдаа, прокурорын байгууллагад ханддаг ч биднийг үл тоомсорлож байна.
Иймд Нийслэлийн Ардчилсан нам "Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын эсрэг чиглэсэн" энэхүү тусгай ажиллагааг эсэргүүцэж иргэдээ хамгаалсан улс төрийн тэмцлээ эхлүүлснээ мэдэгдэж байна.
Монгол Улсын иргэдийн эсрэг ажиллагаа явуулсан хууль, хүчний удирдлагуудыг солих цаг иржээ. Үүнд, ЦЕГ-ын дарга Ж.Болд, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга Р.Отгонжаргал, Нийслэлийн прокурорын газрын дарга Ц.Ариунболд, Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын дарга Ч.Чинбат нарыг нэн даруй огцруулахыг ХЗДХ-ийн сайд болон Ерөнхий прокуророос шаардаж байна" гэлээ.