МАН-ын төлөөлөгчид “Германы социал демократ нам”-ын урилгаар албан ёсны айлчлал хийгээд эх орондоо ирлээ. Айлчлалын бүрэлдэхүүнд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Монгол-Германы парламентын бүлгийн дэд дарга Ц.Мөнхцэцэг, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Х.Булгантуяа, УИХ-ын гишүүн Н.Энхболд, МАН-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга М.Цэлмүүн нар багтсан байна.
Германы Социал демократ нам нь Герман дахь гол нөлөө бүхий үндсэн хоёр улс төрийн хүчний нэг бөгөөд 1863 онд байгуулагдсан. Тус нам 2021 оны есдүгээр сард ХБНГУ-ын Бундестагийн ээлжит сонгуулиар ялалт байгуулж, 2021 оны арваннэгдүгээр сард Ногоон нам, Чөлөөт ардчилсан намтай шинэ Засгийн газрын эвсэл байгуулан ажиллаж байгаа юм.
Айлчлалын хүрээнд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй МАН-ын төлөөлөгчдийг Германы Социал демократ нам (СДН)-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Кэвин Кьюнерт хүлээн авч уулзсан байна. Германы СДН-ын хувьд 159 жилийн настай ахмад нам. Харин МАН 101 жилийн түүхтэй. Зуун дамнасан түүхтэй намуудын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын уулзалт, ярилцлага тун сонирхолтой болжээ.Германы СДН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Кэвин Кьюнерт “Манай намын хувьд өнөөдөр хамгийн хурц асуудал бол “Ковид-19” цар тахлын дараах цахим шилжилт, цаг уурын өөрчлөлт, Орос-Украины нөхцөл байдлын үеийн дэлхийн улс төр, гадаад бодлогын өөрчлөлт болж байна.
Нийгэмд шилжилт хурдтай явагдаж, шинэ залуу үеийнхний үзэл бодол ихэд өөрчлөгдөж байна. Улс төрийн нам цаг үеэ сайн мэдэрч олон нийттэй харилцах коммуникацыг их хурдтай хийж байх ёстой гэдгийг бид мэдэрч байгаа. Тийм учраас бид намаа орчин үеийн нам болгохын тулд багагүй зүйл хийж байна. Бид Бундестагийн сүүлийн сонгуульд залуу нэр дэвшигчдийг олноор өрсөлдүүлж амжилттай оролцлоо. Өдгөө Бундестагийн гишүүдийн дөрөвний нэг нь 35-аас доош насныхан байгаа” гэдгийг онцолсон байна. Уулзалтын үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Та бүхэнд тулгамдаж буй асуудлыг МАН ч мөн адил туулж байна. МАН 100 жилийн настай улс төрийн ууган намын хувьд шинэчлэлийг өөрөөсөө эхлүүлж, шинэ зууны бодлогын нам болохоор хичээн ажиллаж байна. Германы СДН-ын удирдлагад залуу хүмүүс гарч ирсэн. МАН ч мөн адил шинэ залуу удирдлагуудтай болсон. МАН 30 дахь Их хурлаа хийж, үзэл баримтлалаа тодотгож, социал демократ нам гэдгээ зарлаж, “Шинэ эрин дэвшилтэт бодлого” хөтөлбөрөө баталсан. Хүн бүрд сайхан амьдрах тэгш боломжийг олгож, нийгмийн нөөцийг шударга хуваарилах, хүн бүр харилцан хариуцлага хүлээж, бие биенээ дэмжин, нийгмийн сайн сайхны төлөө хамтран ажилладаг нийгэм байгуулах нь "Шинэ эрин дэвшилтэт бодлого"-ын гол зорилт юм. Цаашид дэвшилтэт бодлогын цахим нам болоход танай намын туулсан зам, олсон туршлагаас суралцахын хамт ардчилал, хүний эрхийн чиглэлээр өөрийн туршлагыг хуваалцах, хамтран ажиллахад бэлэн байна. Өнөөгийн хямралт нөхцөл байдалд Монгол Улсын гуравдагч хөрш, гол түнш болсон ХБНГУ бидний нөхцөл байдлыг сайн ойлгож, тусламж дэмжлэг үзүүлж, хамтын ажиллагаагаа өргөжүүлээсэй” гэж хүсэж байгаа гэдгээ илэрхийлжээ.
Нилс Аннен Хөгжлийн албан ёсны дэмжлэг туслалцаа үзүүлэх орнуудын жагсаалтад Монгол Улсыг буцааж оруулахаа илэрхийлэв
Айчлалын үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан ХБНГУ-ын Бундестагийн гишүүн, Холбооны эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны парламентын төрийн нарийн бичгийн дарга Нилс Аннентай уулзсан байна. Эрх баригч намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын хөгжил, дэвшлийг тууштай дэмжиж ирсэн гуравдагч хөрш ХБНГУ-тай харилцааны түвшинг ахиулж, хамтын ажиллагааг Стратегийн түншлэлд хүргэхийг зорьж байгаагаа онцлон тэмдэглэжээ. Мөн ХБНГУ-ын Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны (ХБХА) хүрээнд байгаль орчин, эрчим хүч, эдийн засгийн салбарт олон төсөл, хөтөлбөр амжилттай хэрэгжиж, Монгол Улсын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулсан. Гэвч ХБНГУ-ын Засгийн газраас Монгол Улсыг Хөгжлийн албан ёсны дэмжлэг туслалцаа үзүүлэх орнуудын жагсаалтаас 2024 онд гаргах шийдвэр гаргасан. Монгол Улсын хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн энэхүү хөтөлбөрт үргэлжлүүлэн хамрагдах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Ноён Нилс Аннен Д.Амарбаясгалангийн хүсэлтийг хүлээн авч, дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийлэхдээ “Өмнөх Засгийн газар Монгол Улсыг Хөгжлийн албан ёсны дэмжлэг туслалцаа үзүүлэх орнуудын жагсаалтаас хасах шийдвэр гаргасан хэдий ч та бүхний хүсэлтийн дагуу буцаан оруулах чиглэлээр идэвхтэй, дэмжиж ажиллана” хэмээн мэдэгдсэн байна. Цаашид Хөгжлийн бодлогын хамтын ажиллагаагаар зогсохгүй эрчим хүч, худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн бодлогын хүрээнд туршлага солилцож, хамтын ажиллагааг идэвхтэй байлгаж, дараа дараагийн төслүүдийг хэрэгжүүлэх боломжтой гэдгийг тэрбээр онцолжээ. Үүнээс гадна айлчлалын үеэр “Хөгжлийн бодлого хамтын ажиллагааны хөтөлбөр”-т Монгол Улсыг буцааж оруулах тал дээр Германы Социал демократ намын /ГСДН/ Бундестагийн бүлгийн дарга Михаел Мюүллер, ГСДН-ын Бундестагийн бүлгийн гадаад бодлого, хөгжлийн хамтын ажиллагаа, Батлан хамгаалах, Хүний эрхийн асуудал хариуцсан дэд дарга Габриела Хайнрихь, Бундестагийн гишүүн, ГСДН-ын бүлгийн гадаад бодлого хариуцсан төлөөлөгч Нилс Шмид, ГСДН-ын Холбооны үйл ажиллагаа хариуцсан Нарийн бичгийн дарга Жессика Вишмайер нар дэмжиж ажиллахаа илэрхийлжээ.
Рольф Мьютцених: Энхийг эрхэмлэгч, эрх чөлөө, шударга ёс, эв санааны нэгдлийн зарчмыг баримталдаг социал демократ намуудын хамтын ажиллагаа чухал
Энэхүү айлчлалын үеэр УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн тэргүүтэй бүлгийн дэд дарга Х.Булгантуяа, УИХ дахь Монгол-Германы бүлгийн дэд дарга Ц.Мөнхцэцэг, УИХ-ын гишүүн Н.Энхболд төлөөлөгчид ХБНГУ-ын Бундестаг дахь Германы СДН-ын бүлгийн дарга Рольф Мьютценихтэй уулзсан байна. Уулзалтын үеэр Герман-Монголын хоорондын харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд эрх баригч намуудын улс төрийн бодлого, түншлэл чухал үүрэгтэй гэдгийг онцолжээ. Германы СДН Бундестагийн сонгуульд оролцохдоо “Ирээдүй, Хүндлэл, Европ” гэсэн уриатайгаар оролцож, уур амьсгалын өөрчлөлт, зохистой хөдөлмөр, шударга ёсыг бэхжүүлэхээ амласан. Мөн тус нам залуу нэр дэвшигчдэд итгэл хүлээлгэж чадсанаараа амжилт олж, эвслийн Засгийн газраа байгуулаад байгаа юм. Энэ талаар ноён Рольф Мьютцених “Энэ удаагийн Бундестагийн сонгуулиар Германы СДН олон залуу гишүүдийг нэр дэвшүүлж ялалт байгуулж чадсан. Хоёр намын хамтын ажиллагаандаа эдгээр залуу гишүүдээ татан оролцуулж, Герман-Монголын хоорондын улс төр, эдийн засаг, соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч ажиллахдаа бид баяртай байна” хэмээсэн байна. УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн Монгол, Германы харилцаа, хамтын ажиллагаа Иж бүрэн түншлэлийн түвшинд амжилттай хөгжиж байгаад сэтгэл өндөр байна. Монгол Ардын нам даян дэлхийн энх тайван, улс орнуудын тогтвортой хөгжлийг эрхэмлэсэн социал демократ үзэл санааны түүчээ, төлөвшиж нягтарсан, дэвшилтэт бодлого бүхий нам болохын хувьд Германы СДН болон Бундестаг дахь Германы СДН-ын бүлэгтэй нягт хамтран ажиллах, харилцаагаа улам бүр өргөжүүлэх хүсэлтэй байна гэдгээ илэрхийлжээ. Мөн Бундестаг дахь Германы СДН-ын бүлгийн төлөөлөгчдийг Монгол Улсад айлчлал хийхийг урьсан байна.