АН-ын удирдлагууд өнөөдөр /2022.05.26/ мэдээлэл хийлээ.
Өчигдөр /2022.05.25/ Х.Баттулга тэргүүтэй Ардчилсан намаас Архангай аймгийн Засаг дарга Мишкагийн Батжаргалыг Архангай аймгийн Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон тухай мэдээлсэн ба "Ардчиллаар үнэмлэхүй ялалт байгуулан засаглаж, Архангай аймгийн засаг даргаар ажиллаж буй түүнд намын даргын үүрэг гүйцэтгэгч хэмээх эрхэм хариуцлагатай үүрэг нэмэгдэж байна. Мишкагийн Батжаргал танд Архангай аймгийн Ардчилсан намын гишүүд дэмжигчид, журмын олон нөхдийнхөө нэрийн өмнөөс баяр хүргэж, амжилт хүсье" хэмээн цахим хуудастаа нийтэлсэн юм.
Харин өнөөдөр С.Эрдэнэ тэргүүтэй Ардчилсан намын удирдлагууд мэдээлэл хийх үеэрээ энэхүү мэдээллийг эсэргүүцэв.
АН-ын ЕНБД Ч.Өнөрбаяр: Архангайн аймгийн Ардчилсан намыг М.Батжаргал гэдэг хүн сонгуульд удирдаж орж ялуулсан хүн биш. Харин Архангай аймгийн Ардчилсан намын дарга Д.Золжаргал гэдэг хүний, багийн хүч хөдөлмөр. Тэр хүн орон нутгийн сонгуульд багаараа үнэмлэхүй ялсан. Гэтэл ялалт дээр нь Эрх баригч МАН-тай хуйвалдаж байгаад хууль бусаар Засаг дарга болчхоод Архангай аймгийн АН-ын дарга болно гэж бодож байвал энэ бол зарчимгүй зүйл М.Батжаргалаа чи өөрөөсөө ичих хэрэгтэй, ийм зүйл байж таарахгүй. Д.Золжаргал даргын хувьд маргаан шүүхээр явж байгаа анхан шатны шүүх дээр ялсан байгаа. Удахгүй хууль дүрмээрээ шийдвэр нь гараад буцаж ажилдаа томилогдоно" гэлээ.