Үндсэн Хуулийг өөрчлөх санал санаачлага, шаардлага нийгэмд хүчтэй өрнөж байна. Энэ хүрээнд Ардчилсан нам, ХҮН тэргүүтэй улс төрийн 20 гаруй нам санал нэгдэж, иргэдийн гарын үсэг цуглуулж, УИХ-ын даргад хуульд өөрчлөлт оруулах асуудлаар шаардлага хүргүүлсэн билээ. Үүний дагуу УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо ажлын хэсэг байгуулж, “Сонгуулийн тогтолцоо болон Үндсэн Хуулийн нэмэлт, өөрчлөлт”-ийн асуудлаар эрдэмтэн, судлаач, хуульчдын санал, зөвлөмжийг сонссон юм. Тэгвэл өнөөдөр /2022.05.25/ энэ сэдвийн хүрээнд улс төрийн намуудын удирдлагуудтай хэлэлцүүлэг хийлээ. Тус хэлэлцүүлэгт Монгол Ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан оролцов.
Тэрбээр “МАН Үндсэн Хуулийн нэмэлт өөрчлөлт хийх санаачлагыг маш анхааралтай ажиглаж байна. Эрх баригч намын хувьд энэ асуудлаар бодлогоо гаргана. Цаг үе энэ өөрчлөлтийг хийхийг шаардвал эрх баригчид хойшоо суух нь өрөөсгөл. Хөгжил, боломж, дэвшил хаалга цохиж байхад нь бид “Үндсэн хуульд өөрчлөлт хийх цаг хугацаа болоогүй” гээд хаалгаа онгойлгохгүй сууж байх эрх байхгүй. Үндсэн Хуулийн өөрчлөлтийн асуудлыг их нухацтай ярих ёстой. Ахуйн шинжтэй, явцуу асуудлаас ангид бодлого гаргаж ажиллах нь зүйн хэрэг. Ямар нэгэн байдлаар УИХ-ын гишүүд өөрийн бодлын үүднээс асуудалд хандмааргүй байна. Харин бодлоготой, судалгаатай, суурьтайгаар энэ асуудалд хандмаар байна. МАН удаа дараагийн сонгуульд ялаад, эрх бариад байж болно. Гэтэл үүний цаана улс оронд маань хөгжил дэвшил, ард иргэдэд маань боломж бололцоо нь ирэх юмуу, үгүй юмуу гэдгийг бид нухацтай ярих ёстой. МАН 30 дугаар Их хурал дээрээ сонгуулийн ялалтын төлөө бодлого тодорхойлж, сонгуульд ордгоо хойш тавих цаг нь иржээ гэдгийг тодотгож ярилцсан. Аливаа өөрчлөлт, шинэчлэлийг улс төрийн намуудын хамтаар, ард иргэд нь дэмжье гэж үзэж байвал УИХ дээр бодлого гаргаад явахад МАН бэлэн байна” хэмээн байр сууриа илэрхийллээ.
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан хэлэлцүүлгийн үеэр оролцогчдын асуултуудад хариулсан юм. Энэ үеэр хэрвээ улс төрийн намууд, ард иргэд дэмжээд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт явагдвал, үүний дараа гарах үр дүнг эрх баригчид бид нар хариуцлагатайгаар хүлээнэ.
Нэгдүгээрт, энэхүү өөрчлөлт хийгдэж чадсанаараа Украин шиг нөхцөл байдалд орохгүй байх нөхцөлөө хийж чадсан уу гэдэг үр дүнг ярих ёстой. Монгол Улс баавгай, луу хоёрын тэврэлт дунд амьсгалах агаартай, хэлэх үгээ чөлөөтэй илэрхийлдэг энэ нийгмээ хадгалж авч үлдэх өөрчлөлтийг Үндсэн хуульд хийж чадсан уу гэдэг асуулт биднээс асуугдаж үлдэнэ.
Хоёрдугаарт, Монгол дахь ардчилал бэхжиж олон намын оролцоотой парламентын засаглал маань тогтож үлдэж чадах уу, үгүй юу гэдгийг бид үзэх ёстой гэж бодож байна. Би хувь хүнийхээ үүднээс хоёр том нам засгийн эрхийг барьж ирснийг буруу, МАНАН тогтолцоог бий болгох үндэслэл нь энэ байсан гэж үздэг. Нэг нам нь эрх барихдаа нөгөө намынхаа дараачийн удаа эрх барих боломжтой хэсгийг дэмжчихдэг байсан. Та бүхэн анзаарч байсан бол З.Энхболд гэж дарга “2020 оны сонгуульд манай нам ялах юмаа” гээд ямар ч тооцоо судалгаагүй яриад сууж байсан. Манай нам дахиад ялсан чинь энэ сонгуулийг хүлээн зөвшөөрөхгүй гээд сонгуулиас сонгуульд нам солигддог юм аа гэсэн ойлголттой болчихсон. Гэтэл намууд нь хариуцлагатай ажиллаад, судалгаа шинжилгээгээ сайн хийгээд, ард түмэн юуг хүсэж байна, юуг хүлээж байна гэдгийг мэдрээд алхам хийхээр ард түмэн дэмжиж байгаа гэдэг нөхцөлийг л хүлээж авч чадахгүй байгаа шүү дээ. Иймэрхүү ойлголт, арга барилаар цааш явах боломжгүй гэдгийг бидний хийж байгаа судалгаа, судалгаанд оролцож ажилласан эрдэмтэн судлаачид маш тодорхой хэлж байна. Монгол Улс нэгдүгээрт, ардчиллаа бэхжүүлэх, хоёрдугаарт, парламентынхаа дархлааг сайжруулах, гуравдугаарт, улс төрийн намуудын оролцоог шийдвэр гаргах төвшинд хангалттай оролцуулж байж, нэг хоёрхон нам хоорондоо хуйвалдаад яваад байгааг устгах асуудлууд нэн чухал байна” хэмээн байр сууриа илэрхийллээ.
“Сонгуулийн тогтолцоо, Үндсэн Хуулийн өөрчлөлт” сэдвээр зарим УИХ-ын гишүүн, улс төрийн намын төлөөлөл саяхан шаардлага тавьж, жагсаал цуглаан хийсэн. Энэ хүрээнд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа юм. Тус ажлын хэсгээс өнгөрсөн даваа гарагт УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Н.Энхболд нараар удирдуулсан уулзалтыг эрдэмтэн, судлаачидтай, улс төрийн намын төлөөллүүдтэй хийлээ.
Ирэх баасан гарагт Ардын Их Хурлын депутат, Үндсэн хууль батлалцсан гишүүдийн холбооныхонтой уулзалт хийх бөгөөд энэ сарын 31 гэхэд ажлын хэсэг сонгуулийн тогтолцоо, Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаарх саналаа нэгтгэж УИХ-д танилцуулах юм байна.