Цаг үеийн мэдээ

“Иргэдийн дунд ямар хэрэгт буруутгагдсанаа ч мэдэхгүйгээр, цагдаагийн үүдэнд хэдэн цаг, өдрөөр суудаг байдлыг 2015 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар өөрчилсөн. Ингэснээр хүнийг эрүүгийн хэрэгт холбогдуулж байцаалт авахын тулд прокурорын зөвшөөрөлтэйгээр, мөрдөгч дууддаг, шүүхийн шийдвэрээр албадан ирүүлдэг болсон. Гэтэл Засгийн газраас өргөн барьсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр хүний эрхийг дордуулахуйц хэд хэдэн заалт оржээ. Энэ хуульд өөрчлөлт оруулж, нийгэмд тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэх шаардлага бий. Гэтэл тэр хүлээлтэд хүрэхүйц хуулийн төсөл болж чадсангүй гэж УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуулийн зөвлөх Г.Эрдэнэбат “Хүний эрхийг хумих хуулийн хулгайг таслан зогсооё” хэлэлцүүлгийн үеэр онцлон хэлэв. УИХ дахь Ардчилсан намын бүлэг тус хуулийн төсөлтэй холбогдуулан олон нийтийн хэлэлцүүлгийг өнөөдөр /2022.05.30/ зохион байгуулсан юм. Хэлэлцүүлгийг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга нээж үг хэллээ. Тэрээр “Хуулийн ганц, хоёрхон заалтад “мөрдөгч” гэдэг үг нэмсэн, багахан өөрчлөлт юм шиг хэрнээ Засгийн газраас өргөн бариад байгаа хуулийн төсөл хүний эрхийг дордуулахуйц болжээ. Одоогийн хуульд хүнийг заавал хорихгүйгээр зорчих эрхийг хязгаарлах, сургалтад хамруулах зэрэг заалт байдаг. Гэтэл зөвлөлт маягийн шоронжсон хууль руугаа буцах гэж байна. Энэ хуулийн төсөл энэ хэвээр батлагдвал үг хэлж, үзэл бодлоо илэрхийлсэн таныг, намайг ч дуртай үедээ баривчилж хорьдог болох нь. Гэвч цагдаа, хүчний байгууллагын албан тушаалтны дур зоргоор авирлахыг өөгшүүлсэн, салбарын лоббид автсан, дутуу дулимаг боловсруулсан хууль тогтоомжоос болж нэг ч Монгол хүний эрх зөрчигдөх ёсгүй. Үүний төлөө Ардчилсан нам, Ардчилсан намын бүлэг тууштай ажиллана” гэв.

Хэлэлцүүлэгт Хүний эрхийн үндэсний комиссийн Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар, “Эмнести интернэшнл” байгууллагын төлөөлөл Г.Амарзаяа болон Монголын хүний эрхийн ТББ-уудын форумын төлөөлөл оролцож УИХ, Засгийн газарт шаардлага хүргүүлэх тухайгаа мэдээлэв. Түүнчлэн Монголын хуульчдын холбооны зөвлөлийн гишүүн, МУИС-ийн доктрант Д.Оросоо “Худал мэдээлэл тараах гэмт хэргийг хянан шийдвэрлэж буй хуулийн практик” сэдвээр илтгэл тавилаа. Тэрээр худал мэдээлэл тараах гэмт хэргийг шалгах, хянан шийдвэрлэх ажиллагаа нь хэт нэг талыг барьсан. Хэргийн зохих нөхцөл байдлыг бүрэн шалгаж тогтоохгүйгээр зөвхөн гомдол, өргөдөл гаргагчийн  мэдээллээр ялладаг байдал хавтгайрсан. Сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд тараасан алдаатай мэдээллийг “худал мэдээлэл тараах” гэдэг зүйлчлэлээр шалгаж, шийтгэдэг гажуудал үүссэн гэж илтгэлдээ дурдлаа. Хэлэлцүүлгийн явцад жилд 200 орчим хүнийг эрүүгийн хэрэгт сэжиглэн шалгадаг ч ердөө 10 хүн шүүхээр хэргээ шийдвэрлүүлдэг судалгаа байна. Үүний цаана хүний эрхийн маш том зөрчил байгаа талаар, Ерөнхий прокурор болон түүний орлогчийг томилох тухай хуулийн заалтад “прокурор” хүнийг томилно гэдэг үгийг өөрчилж Монгол Улсын иргэнийг томилно гэж өөрчлөн оруулж ирж байгаа талаар нээлттэй ярилцав. Хэлэлцүүлэгт оролцогчид, хуулийн хулгайг ил гаргаж ирж байгаад талархал илэрхийлж, хэрвээ мөрдөгч иргэдийг дураар дууддаг болчих юм бол монголчууд бүгд цахим гавтай болж, Монгол сүүлийн 30 жил байгаагүй шоронжсон улс болно. Хүний эрхийг аажим аажмаар хумих ямар ч үйлдлийг хүлээн зөвшөөрч болохгүйд санал нэгдэж, хуулийн төслөө буцаах авахыг шаардав. Түүнчлэн УИХ-ын дэд дарга С.Одонтуяа сүүлийн үед хүний эрүүл хоол хүнс хэрэглэх, амьд явах эрх зөрчигдөх болсонтой холбоотой хуулийн төсөл санаачилж өргөн барихаа илэрхийлсэн юм.

Таны сурталчилгаа