Мэргэжлийн хяналтын байгууллага иргэдээс ирсэн гомдлын дагуу 2022 оны тавдугаар сарын 10-нд Эмээлтэд байрлах “Эм Ди Си Пи” ХХК-ийн үйлдвэрийн орчин, үйл ажиллагаатай танилцсан талаар өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд мэдээлэл өгсөн байна. Шалгалтаар энэхүү үйлдвэр нь мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангаагүй болох нь тогтоогджээ. Иймээс мэргэжлийн хяналтын байгууллагаас тус компанийн үйл ажиллагааг цуцалж, холбогдох хуулийн байгууллагад хандсан байна.
Шадар сайд С. Амарсайхан: “Хүнсний аюулгүй байдлыг хангах болон махны үйлдвэрийн үйл ажиллагаатай холбоотой авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Засгийн газрын хуралдаанаар Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулж ажиллах чиглэл өгсөн. Мэргэжлийн хяналтын байгууллага болон ШӨХТГ-ын удирдлагуудтай уулзаж махны үйлдвэрийн үйл ажиллагаа болон иргэдийн гомдол саналын дагуу хяналт, шалгалт хийх үүрэг даалгавар өгсөн. Хяналт, шалгалттай холбоотой асуудлыг цаг тухайд нь мэдэгдэнэ” гэв.
Мөн тэрбээр Эмээлт орчимд 32 мах боловсруулах үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн мэдээлэл байна. Дулааны аргаар боловсруулсан мах махан бүтээгдэхүүнийг экспортлох зөвшөөрөлтэй 60 гаруй аж ахуй нэгжүүд байна. Хамгийн гол асуудал стандартын шаардлагад хангахгүй байна. Зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжүүд стандартын шаардлага хангасан газруудад боловсруулалт хийх ёстой байтал эрүүл ахуйн болон хадгалалт, тээвэрлэлт нь шаардлагад хангахгүй байгаа учраас эдгээр асуудлыг цогцоор шийдвэрлэж, цаашид тогтмол хяналт тавих шаардлагын дагуу ажиллана гэлээ.