УИХ дахь Ардчилсан намын бүлгээс "Улс төрийн намын тухай хууль -Өөрчлөлт, шинэчлэлт" сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Хэлэлцүүлгийг Ерөнхийлөгчийн Тамгын газартай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Ардчилсан намын ҮБХ-ны гишүүд, дүүргийн намын удирдлагууд хүрэлцэн ирлээ.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат “Улс төрийн намын тухай асуудал цаг үеэ олсон чухал сэдэв. 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөд ч улс төрийн намын тухай хуулийг нийцүүлэх шаардлага бий. Улс төрийн нам бодлого тодорхойлдог, тэр нь парламент дахь бүлгээрээ дамжин ажил хэрэг болдог байх ёстой. Гэвч одоогоор хүлээлтэд хүрч ажиллаж чадахгүй байна. Цаашид парламентыг хүчирхэгжүүлж, улс төрийн намыг бэхжүүлэхэд энэ хууль чухал нөлөөтэй. Хууль эрх зүйн орчин тодорхойгүйгээс Ардчилсан намд асуудал үүсч түүнийгээ шүүхээр шийдвэрлүүлэхээр явж байна. Шүүхийн шийдвэр гарахад цаг хугацаа ордог нь намын доторх маргааныг урт удаан хугацаанд үргэлжлүүлж, үл ойлголцлыг даамжруулдаг. Энэ ташрамд, Ардчилсан намын тамганы асуудал шүүхээр дөнгөж сая эцэслэн шийдвэрлэгдсэн гэдгийг та бүхэндээ дуулгая” гэлээ.
Хэлэлцүүлэгт Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар оролцож, Улс төрийн намын тухай хуулийн төслийг Ерөнхийлөгч өргөн барьж байгаа бөгөөд намуудын санхүүжилт, үүсгэн байгуулах, бүртгэлтэй холбоотой олон асуудлыг цэгцлэх хууль болно гэдгийг онцлон тэмдэглэлээ. Мөн энэхүү хуулийн төслийг улс төрийн бүх намууд, судлаачид, сонирхлын бүлгүүдийн дунд нээлттэй хэлэлцүүлж байгаа гээд оролцогчдын асуултад Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх А. Бямбажаргалын хамт дэлгэрэнгүй хариулт өглөө.