Улс төрийн намуудын төлөөлөл өнөөдөр /2022.06.09/ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн тунхаг бичигт гарын үсэг зурлаа. Энэ үеэр МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан дараах байр суурийг илэрхийллээ.
Тэрбээр: “Улс төрийн намуудаас ирсэн санал, шаардлагын дагуу ажлын хэсэг байгуулж, эрдэмтэд, улс төрийн судлаачдын бүрэлдэхүүнтэй удаа дараа хэлэлцүүлэг хийсэн. Мөн энэхүү асуудлаар ард иргэдийн дунд санал асуулга явуулж түүний үр дүнд Улсын их хурлаар тус асуудлыг хэлэлцэх нь зүйтэй. Үүний үндсэн дээр үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар шийдвэрлэсэн. УИХ-ын түвшинд уг асуудал шийдэгдэх эсэх дээр үндэслэн улс төрийн намууд тунхаг бичиг гаргаж байна" гэлээ. Мөн Нийслэлийн эрх зүйн байдлыг оновчтой болгож, бусад хотыг хөгжлийг дэмжиж, нутгийн өөрөө удирдах байгууллагын шийдвэр Үндсэн хууль зөрчсөн эсэхийг Үндсэн хуулийн цэц хянадаг болох, төрийн сүлдийг төрт ёс, түүхэн уламжлалд суурилж шинэчлэх агуулгын хүрээнд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжихээр тунхаг бичигт намуудын төлөөлөл гарын үсэг зурж байна. Энэхүү өөрчлөлтийн үр дүнд өмнөх он жилүүдийн алдааг засаж, ололтоо бэхжүүлэх тусгаар тогтнол, эв нэгдэл, аюулгүй байдал улам бүр баталгаажиж, ардчилсан төрийн дархлаа сайжирч, хүний эрх хамгаалагдсан, ард түмний засаглалд суурилсан хөгжлийн шинэ боломжийг бий болгосон, хөгжил дэвшил хүн бүрд хүрэлцээтэй, сонгодог парламентын тогтолцоотой улс болох зорилтыг тавьж байна.
Энэ хүрээнд улс төрийн намууд уулзалт хийж, нэмэлт саналуудыг бичгээр ирүүлж байна. Энэ агуулгыг хамруулсан тунхаг бичигт гарын үсэг зурснаар УИХ-ын төрийн байгуулалтын байнгын хороо болон УИХ, иргэдийн дунд тандан судлах ажиллагаа явуулсны үндсэн дээр УИХ-ын хариуцах ажил болно" гэв.