Жюү-жицу бөхийн ДАШТ болон Аbu Dhabi World Tour гэсэн хоёр том тэмцээн АНЭУ-ын нийслэл Абу Даби хотноо зохиогдох гэж байна.
Тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох тамирчдад хувцас хэрэглэл гардуулан өгөх ёслол өнөөдөр Олимпик хауст боллоо.
Бүсний ангилалгүй, бүх насны ангиллаар зохиогдох эдгээр тэмцээнд Монголоос тамирчин, дасгалжуулагч, албаны хүн нийлсэн 134 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцохоор болжээ.
Энэ талаар Монголын жюү-жицугийн холбооны гүйцэтгэх захирал О.Болд-Эрдэнэ “Монголын жюү-жицугийн холбоо 15 жилийн ой дээрээ ДАШТ-д нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй оролцох гэж байна. Өсвөр, залуучууд, насанд хүрэгчид нийлсэн 100 гаруй тамирчин оролцоно. Бидний оролцох хоёр тэмцээн аравдугаар сарын 28-наас арваннэгдүгээр сарын 17-ны хооронд зохиогдоно.
Бид өмнө нь 2018 онд 80 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ДАШТ-д орж байсан. Энэ удаа Ковидын дараа илүү том багтай оролцохоор болоод байна.
Холбооны зүгээс баг тамирчдаа жигд хувцас хэрэглэлээр хангах тал дээр онцгой анхаардаг. Энэ санаачилгыг эцэг эхчүүд, байгууллага, клубүүд маш сайн дэмжин ажиллаж байгаад талархаж байна” хэмээн ярилаа.