Цаг үеийн мэдээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2022.11.02) хуралдаан 17 цаг 59 минутад эхэлж, таван асуудал хэлэлцлээ.

Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа “Монгол Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы 11 дүгээр сард Төсвийн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 92.9 хувь нь дэмжлээ.

Үргэлжлүүлэн “Байнгын хорооны 2021 оны 06 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төслийг хэлэлцсэн.

Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Үндэсний аудитын газраас “Хөгжлийн банкны үйл ажиллагааны нөлөө, үр ашиг” сэдэвт гүйцэтгэлийн аудит хийх хугацааг хойшлуулах хүсэлтийг Төсвийн байнгын хороонд ирүүлснийг гишүүдэд танилцуулав.


Мөн тэрбээр, Монгол Улсын Их Хурлын 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хянан шалгах үүрэг бүхий түр хорооноос хяналт, шалгалтын ажил хийж байгааг тодотгоод үүнтэй цар хүрээний хувьд гүйцэтгэлийн аудит давхардаж байгаа тул хугацааг хойшлуулж, “2023 оны гүйцэтгэлийн аудитын сэдэв”-ийн төсөлд тусгах саналтай байгааг нь мэдэгдлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж асуулт асууж, хариулт авсны дараа “Төрийн аудитын байгууллагын 2022 онд гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай Төсвийн байнгын хорооны 2021 оны 06 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолыг батлах нь зүйтэй” гэсэн томьёоллоор санал хураалт  явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 85.7 хувь нь дэмжсэн юм.

Хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Дараа нь Засгийн газраас  2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат болон холбогдох албан тушаалтнууд оролцсон.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцсэн бөгөөд гишүүдийн зүгээс төслийн талаар асуулт асууж, зарчмын зөрүүтэй санал гаргасангүй.

Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

 

Түүнчлэн  Ажлын хэсгээс “Гүйцэтгэх засаглал дахь хяналтын тухай” гэсэн хуулийн төслийн нэрийг, “Засгийн газар дахь хяналтын тухай” гэж өөрчлөх, Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэнгээс “Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1,2 дугаар зүйлийг хасаж, 3,4 дүгээр зүйлийг хэвээр үлдээж, дугаарлалтыг өөрчлөх” санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Мөн “Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөлд “Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн бараа, ажил, үйлчилгээний худалдан авалт, хөрөнгө оруулалт, татвар төлөлт, өр төлбөр, хүний нөөцийн мэдээллийг тухайн хуулийн этгээдийн цахим хуудаст ил тод, нээлттэй байршуулах”, мөн “Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн борлуулалт, экспортын гэрээг татварын нэгдсэн системд бүртгүүлэх, бүртгүүлээгүй тохиолдолд бүтээгдэхүүнийг экспортод гаргахгүй байх, борлуулалт болон худалдан авах нууц гэрээг Улсын Их Хуралд танилцуулах”, “Эрүүл мэндийн даатгалын санд үүссэн өр төлбөрийг 2023 оны төсвийн жилд өр төлбөр үүсгэхгүйгээр барагдуулах арга хэмжээ авах.” гэсэн 8,9,10  дахь дэд заалт нэмэх Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь  дэмжив.

Ингээд хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлэг явуулсан талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Таны сурталчилгаа