Цаг үеийн мэдээ

Бүрэн эрх нь түдгэлзэж, дээлээ тайлж эвхсэн “Ажнай” хочит Д.Бат-Эрдэнэ “Өмнөговийнхон төлөөлөлгүй болчихно, намайг биш Н.Наранбаатарыг л авч үлдээрэй” гэж хэлсэн гэх  хүн чанарын дээд, эрийн хуйх царайлсны цаана юу байж болох вэ? Үгэн дотор үг, суман дотор гичир гэж бий. АН-ын “Ажнай” Д.Бат-Эрдэнэ МАН-ын Н.Наранбаатарт хайртай дуртайдаа, Өмнөговийн төлөө  нурж унадагтаа тэгж хэлсэн үү? Өмнөговиос хөтлөлцөөд сонгогдсон энэ хоёр хамт шалгагдаж байгаад хамаг учир нь байна. Хөтлөлцөөд сонгогдсон, хамтдаа шалгагдаж байгаа хоёрын нэгийнх нь дээлийг тайлж, нөгөөг нь үлдээсэн учир мөрдөн шалгах ажил саадгүй урагшилж чадахгүй байгаа бололтой. Халдашгүй эрхтэй хамсаатных нь ажил, гэр, байр сав, холбоо хамааралтай компаниудад нэгжлэг хийхгүй гэсэн үг. Хамсаатан нь халдашгүй эрхтэй бол хамсалцагчийг нь мөрдөх шалгах ажил удааширч таарна. “Ажнай” Д.Бат-Эрдэнэ морин эрдэнийн нэр хочтой боловч гүйлгээ ухаан ихтэй гүн ухаан судлалын мэргэжилтэй юм билээ. Хамтдаа шалгагдаж байгаа хамсаатнаа халдашгүй эрхтэй нь үлдээх философичийн ухаан гүехэн бус гүнзгий юм.  

Таны сурталчилгаа