Цаг уурын байгууллагын гаргасан улирлын ерөнхий төлөвөөр буюу II сард нутгийн баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, зүүн аймгуудын нутаг, говийн аймгуудын ихэнх хэсгээр олон жилийн дунджаас дулаан, III дугаар сард нутгийн баруун хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас дулаан байх бол IV сард нийт нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Хур тунадас II болон III сард зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас бага, II сард нутгийн баруун хойд болон өмнөд хэсгээр, III сард нутгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас ахиу, IV сард нийт нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Хоёрдугаар сарын агаарын дундаж температур Баян-Өлгий, Увсын нутаг, Завханы ихэнх, Ховдын хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн. Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Дорноговийн нутаг, Дундговь, Өмнөговийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Сарын нийлбэр хур тунадас Увс, Завхан, Өмнөговийн ихэнх, Говь-Алтай, Баянхонгор, Дорноговийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Хэнтий, Дорнодын нутаг, Сүхбаатарын ихэнх хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим орох төлөв гарчээ.
Эх сурвалж: ЦУОШГ