НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш шинэ оны мэндчилгээ дэвшүүлэхдээ дэлхий ертөнцөд нүүрлээд буй хямралыг эв нэгдэлтэй, шийдэмгий байж хамтдаа даван туулахыг дэлхийн удирдагчид болон ард иргэдэд уриаллаа.
“2024 он бүхэлдээ итгэл найдварыг олоход хэцүү жил байлаа. Дайн тулаанууд асар их өвдөлт, зовлон зүдгүүр, орон гэрээ орхин дүрвэхээс аргагүй нөхцөл байдлыг авчирсаар байна. Тэгш бус байдал, хагарал хуваагдал нь хурцадмал байдал, үл итгэлцлийг даамжруулж байна” гэж тэрбээр дүрс бичлэгээр дэвшүүлсэн мэндчилгээндээ дурдсан байна.
НҮБ-ын тэргүүн мөн сүүлийн 10 жил түүхэн дэх хамгийн халуун жилүүд байсныг онцолжээ. Тэрбээр 2025 онд хорт хийн ялгарлыг бууруулж, сэргээгдэх эрчим хүч рүү шилжих чиглэлд дорвитой арга хэмжээ авахыг уриалаад, “бид уур амьсгалын хямралыг нүдээр үзэж туулж байна, бид энэ сүйрлийн замаас гарах ёстой, бидэнд алдах цаг алга” хэмээн хэлэв.
Түүнчлэн 2024 онд Ирээдүйн төлөөх гэрээг баталсан нь “зэвсэг хураах, урьдчилан сэргийлэх арга замаар энх тайвныг тогтооход шинэ түлхэц өгснийг” онцлон тэмдэглээд, энэхүү гэрээ нь зэвсэг хураах замаар энх тайвныг тогтоох, дэлхийн санхүүгийн тогтолцоог шинэчлэх, технологиудыг хөгжүүлэхдээ хүн болоод хүний эрхийг нэн тэргүүнд тавих нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн гэв.
“2025 онд бидний юу хүлээж байгаа талаар ямар ч баталгаа байхгүй. Гэхдээ би бүх хүнд илүү амар тайван, тэгш, тогтвортой, эрүүл ирээдүйг бий болгохын төлөө ажиллаж байгаа хүмүүсийн талд зогсоно гэдгээ амлаж байна. Бид хамтдаа 2025 оныг шинэ эхлэл болгож чадна. Дэлхий ертөнц хуваагдах бус, нэгдмэл байх хэрэгтэй” гэж тэрбээр хэлжээ.