Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны А/125 дугаар тушаалаар батлагдсан Далайн захиргаанд гэрээний үндсэн дээр шилжүүлэн гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээний жагсаалтад “Усан замын тээврийн хэрэгслийн жолоочийн мэргэжлийн шалгалт авах, үнэмлэх олгох ажлыг зохион байгуулах” ажил тусгагдсаны дагуу “Усан замчны толь бичиг” ТББ-ын сургалтын төвд усан замын тээврийн хэрэгслийн жолоочийн сургалтад хамрагдсан иргэдээс онол болон жолоодлогын ур чадварын шалгалт авах ажлыг зохион байгууллаа.
Шалгалтыг ЗТХЯ-ны харьяа Далайн захиргааны даргын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/54 дүгээр тушаалаар байгуулагдсан Мэргэжлийн шалгалтын комисс Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд 2023 оны 07 дугаар сарын 07-09-ний өдрүүдэд, Архангай аймгийн Өгийнуур суманд 2023 оны 07 дугаар сарын 24-25-ны өдрүүдэд тус тус зохион байгуулсан.
Мэргэжлийн шалгалтын комисст “Монголын завьчдын нэгдсэн холбоо” НҮТББ-ын төлөөллийг хөндлөнгийн гишүүнээр оролцуулсан. Шалгалтад нийт 29 иргэн хамрагдсанаас 24 иргэн тэнцэж, 5 иргэн тэнцээгүй дүнтэй байна.
Мэргэжлийн шалгалтад тэнцсэн иргэдийн мэдээллийг бүртгэлийн программд оруулж, холбогдох журмын дагуу Усан замын тээврийн хэрэгслийн жолоочийн үнэмлэхийг Далайн захиргаанаас олгоно.