Цаг үеийн мэдээ

Улаанбаатар хотод хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ наймдугаар сард өмнөх оны мөн үеэс 10 хувиар өслөө.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ наймдугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 10 хувиар өссөнийг Үндэсний Статистикийн хороо мэдээлэв. Өөрөөр хэлбэл инфляц 20 сарын дараа анх удаа нэг оронтой тоонд ороод байсан ч эргэн хоёр оронтой тоогоор хэмжигдэж эхэллээ. 

УИХ төсвийн тодотголоор зарцуулалтыг тэлсэн нь бодлогын хүүг бууруулах орон зайг хумьж, инфляцын эрсдэлийг нэмэгдүүлсэн. Тухайлбал: төсвийн тодотголоос үүдэн оны эцсээр 8.5 хувьд хүрэх төсөөлөлтэй байсан инфляц 10.5 хувь болж, хоёр нэгж хувиар өдөөгдөх тооцоолол гарсныг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэлж байв.

INFLATION-UB-MONGOLIA-TOO.png

Долоодугаар сард жилийн инфляц 9.2 хувьтай гарч байсан бол наймдугаар сард ийнхүү 10 хувьтай гарлаа. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 10 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 16.4 хувь, зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 18 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

Харин боловсролын үйлчилгээний үнэ хамгийн өндөр буюу 16.8 хувиар өссөн нь анхаарал татаж байна. Энэ нь жилийн 10 хувийн инфляцын 0.8 нэгж хувийг бүрдүүлсэн байгаа юм. Наймдугаар сард их, дээд сургуулиудын сургалтын төлбөрт өөрчлөлт ордгоос гадна хэрэглэгчдийн зарцуулалт харьцангуй нэмэгддэгээрээ онцлогтой.

Ерөнхий дүнгээрээ инфляцад импортын барааны нөлөө 35.3 хувь буюу сүүлийн хоёр жилийн дүнгээс харьцангуй буурсныг Үндэсний Статистикийн хороо мэдээлж байна.

Таны сурталчилгаа