УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдөр /2024.11.13/-ийн хуралдаанаар ажлын хэсгийн удирдамж батлах тухай байнгын хорооны хоёр тогтоолын төсөл баталлаа.
Нэгдүгээрт, Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын явцад дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн үйл ажиллагааны удирдамж батлах тухай байнгын хорооны тогтоол. Уг ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, БСШУСБХ-ны дарга Ч.Ундрам ахалж байгаа юм.
Хоёрдугаарт, Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаа, журмын биелэлтэд хяналт шалгалт хийх, холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн үйл ажиллагааны удирдамж батлах тухай байнгын хорооны тогтоол. Энэхүү ажлын хэсгийг УИХ-ын гишүүн О.Батнайрамдал ахалж байна.Ажлын хэсгүүд удирдамжийн дагуу ажиллаж, тайлангаа УИХ-ын энэ намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах юм.