Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Даатгалын бодлогын зөвлөлийн ээлжит хурал боллоо. Хурлаар даатгалын зах зээлийн зохистой үйл ажиллагаа болон ногоон эдийн засаг, уур амьсгалын өөрчлөлтөд зохицсон бүтээгдэхүүн инновацыг бодлогоор дэмжих асуудлаар санал солилцож, хэлэлцэв. Энэ хүрээнд даатгалын салбарын зохистой үйл ажиллагааг дэмжих, салбарын оролцогчдын дунд “Хэрэглэгчдэд шударгаар үйлчлэх” /“Fair treatment of customer”/ зарчмыг хөгжүүлэх, хэвшүүлэх талаар болон тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд Даатгалын бодлогын зөвлөлөөс дараах агуулга бүхий зөвлөмжийг гаргахаар хуралдаанаар шийдвэрлэлээ.
Үүнд, даатгалын үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомжийг чандлан баримталж, даатгуулагчийн эрэлт, хэрэгцээ шаардлагад нийцсэн даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгож, даатгуулагчдад санал болгох, даатгалын нөхөн төлбөр олгох үйл ажиллагаанд ёс зүйн өндөр стандарт, шударга байдлыг эрхэмлэн ажиллаж, даатгуулагч бүртэй эрх тэгш хандах, энэ талаар тогтмол сургалт зохион байгуулах, даатгалын салбар дахь ёс зүйн стандартыг тогтоох, улмаар олон нийтийн даатгалд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, салбарын тогтвортой өсөлтийг хангахад хүчин чармайлт гаргаж ажиллах;
НҮБ-аас баталсан “Даатгалын салбарын тогтвортой хөгжлийн 4 зарчим”-ыг өдөр тутмын бизнесийн үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, БОНЗ, тогтвортой байдлын тайлагналын удирдамжийн дагуу байгаль орчин, нийгэм, засаглал /цаашид БОНЗ гэх/-ын тайланг шат дараатайгаар гаргаж хэвших болон ногоон даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэх, ногоон төсөл, хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулахыг эрхэмлэж ажиллах зэрэг болно. Мөн даатгалын бодлогын зөвлөлийн гишүүдээс энэхүү зөвлөмжийн хэрэгжилтийг хангах, хяналтыг хэрэгжүүлэхэд даатгалын мэргэжлийн холбоод болон даатгалын байгууллагын нийт оролцогчид анхаарч ажиллах шаардлагатайг онцлон дурдахын зэрэгцээ даатгалын байгууллагуудад урьдчилан гомдол шийдвэрлэх нэгжийг ажиллуулах нь салбарын нэр хүндийг нэмэгдүүлэх, даатгуулагчийн эрх ашгийг хамгаалахад ихээхэн үүрэгтэй гэдгийг санал нэгтэй хүлээн зөвшөөрсөн юм.