2024 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдөр цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт "лифтэнд 4 хүүхдийг нэр бүхий олны танил этгээд зодсон" гэсэн дуудлага, мэдээлэл иржээ. Дуудлагын дагуу шалгахад Халловины баяраар айлын хаалга тогшин чихэр гуйж явсан хүүхдүүд зарим айлын хаалгыг өшиглөж зугтаж тоглохдоо нэр бүхий жүжигчний хаалгыг өшиглөөд зугтсанд уурлан, тухайн хүүхдүүдэд лифтэнд гар хүрсэн нь бичлэгт үлджээ. Энэ талаарх дуудлага, мэдээллийн дагуу хүүхдүүдийг асран халамжлагчийн хамт цагдаагийн байгууллагад мэдүүлэг авахаар дуудсан боловч бүгд гомдол саналгүй хэмээн очоогүй байна.
Хүүхдүүдийг ямар нэгэн байдлаар эмнэлэгт үзүүлээгүй, гэмтлийн зэрэг тогтоогдоогүй байгаа юм. Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээрт хэлтэст шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.