Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс төсвийн хөрөнгөөр санхүүжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төлөвлөлт, хэрэгжилтийн талаарх мэдээллийн нээлттэй, ил тод байдлыг нэмэгдүүлж, иргэн, иргэний нийгмийн байгууллагын оролцоог хангах хүрээнд уулзалт, сургалт зохион байгуулав.
Уулзалтад Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Б.Тэрбиш, тус хэлтсийн ажилтан, комиссар Ж.Мөнхжаргал, ОБЕГ-ын төсөл хөтөлбөр хариуцсан Бодлого төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Л.Өлзийбаяр болон бусад албан хаагчид оролцов.
Арга хэмжээний үеэр “Агаараас аврах ангид нэмэлт сургалт явуулах”, “Гал түймэр унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх”, “Хот дотор эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг бэхжүүлэх”, “Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх”, “Мэдээлэл, шуурхай удирдлагын төв байгуулах” зэрэг гадаадын зээлийн хөрөнгийн санхүүжилтээр хэрэгжиж буй төслүүдийн мэдээлэлтэй танилцаж, нисдэг тэргээр өвчтөн зөөвөрлөж байгаа үйлчилгээг зохих хууль тогтоомжид нийцүүлэх, төслийн мэдээллийг ил тод, нээлттэй байршуулах талаар зохих зөвлөмжийг өгөв.