Монголын Үндэсний Бөхийн холбооны Үндэсний "Pepsi АЛТАН ЦОМ"-ын барилдааны 2-р улирлын 1-р шатны барилдааны дөрөв дэх өдөр Орхон аймаг, Улаанбаатар хотын 2-р багтай учраа тааран эн тэнцүүхэн барилдсанаас Орхон аймгийн баг 13:12-оор эхний тойргийн ялалтаа авлаа.
Орхон аймгийн багт улсын начин Б.Ганхуяг /1/, улсын начин Ө.Батзул /5/, аймгийн хурц арслан Ө.Сүхбат /5/ аймгийн арслан Б.Гантөмөр /1/, гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Д.Хишигдаваа /0/, аймгийн арслан Ч.Мөнхбат /1/, нар нийт 13 даваа авсан бол Улаанбаатар-2 багт улсын начин Б Бадамсүрэн /2/, аймгийн арслан Б.Хадбаатар /0/, гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Н.Батсайхан /2/, аймгийн арслан Б.Чинбат /2/, аймгийн арслан Б.Шаравдорж /3/, аймгийн заан Б.Даваадалай /3/ нар нийт 12 даваа авчээ.
Хоёр баг сүүлийн тойрогт 12:12 даваагаар тэнцэж, улсын начин Б.Ганхуяг, Б.Бадамсүрэн нар шийдвэрлэх давааны төлөө бүтэн 2 цаг 29 минут барилдаж, Б.Ганхуяг начин давснаар багтаа ялалтыг авчирсан юм.
Барилдсан бөхчүүд давааны мөнгөө авах бөгөөд ялсан баг 5.000.000 төгрөг, хожигдсон баг 1.000.000 төгрөгийн шагнал гардав.
Өнөөдрийн барилдаанд Орхон аймгийн багийн дасгалжуулагчаар аймгийн арслан Ж.Лхагвасүрэн, Улаанбаатар-2 багийн дасгалжуулагчаар аймгийн арслан М.Даваасүрэн нар ажилласан юм.