Монгол Улсын Их Хурлын даргын 2024 оны 110 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгээс 2025 оны 01 дүгээр сарын 27, 28-ны өдрүүдэд “Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг, зөвлөгөөнийг Төрийн ордонд зохион байгуулж байна. Манай улсад Тамхины хяналтын тухай хуулийг 32 жилийн өмнө баталж, өнгөрсөн хугацаанд найман удаа нэмэлт, өөрчлөлтөд оруулжээ.
Гэвч нийт хүн амын дунд тамхидалт эрс нэмэгдсэн, ялангуяа бага насны хүүхдүүд электрон тамхи хэрэглэх нь энгийн зүйл мэт ойлгох болсон, татвар, хяналтын орчин сул, электрон тамхины импорт, худалдаа эрхлэлтийн талаар хуулийн зохицуулалтгүй, “цахилгаан бараа” нэрээр хилээр нэвтэрч, хэрэглээ эрс нэмэгдсэн. Нийт хүн амын эрүүл мэнд, цаг бусын нас баралт, чадвар алдалтад нөлөөлж буй тэргүүлэх эрсдэлт 20 хүчин зүйлийн эхний гуравт тамхидалт орж байна. Тамхины хор хөнөөлийн улмаас 4,300 орчим хүн энддэг, энэ нь нийт нас баралтын 17% хувийг эзэлдэг. Тамхидалт нь олон улсын өвчний ангилалд “F17” гэж бүртгэн бие даасан эмгэгт тооцдог ч манай улсын хувьд эмчилгээний хүртээмж хангалтгүй зэргээс үүдэн Тамхины хяналтын суурь конвенцын хэрэгжилтийг хангах, ДЭМБ-ын MPOWER санаачилгын хүрээнд “Тамхины хяналтын тухай” хуулийг шинэчлэн батлах, тамхины үнэд эзлэх онцгой албан татварын хэмжээг 80 хүртэл хувиар нэмэгдүүлж, бусад орны туршлагаар тамхи худалдаалдаг касс бүрээс татвар авах, “Тамхигүй улс” болох, иргэдээ донтох эмгэгээс сэргийлэх, илрүүлэх, эмчлэх үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатайг хэлэлцүүлэгт оролцогчид онцоллоо.
Ирээдүй хойч үеэ тамхины хор хөнөөлөөс хамгаалах, нийгмийн эрүүл мэндийн асуудлыг салбар бүрийн төлөөллөөр олон талын судалгаатай хэлэлцүүлэх уг арга хэмжээг УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч О.Номинчимэг, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгч Сокорро Эскаланте, УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, УИХ-ын гишүүн, Боловсролын сайд П.Наранбаяр нар нээж үг хэллээ. Хэлэлцүүлэг үргэлжилж байна.