Цаг үеийн мэдээ

2024 онд улсын хэмжээнд 3.325.634 зөрчлийн хэрэг гарсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4.4 хувиар өсжээ. Зөрчлийн хэргийн 73.6 хувь нь Нийслэлд, 26.4 хувь нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Нийт зөрчлийн хэргийн 2.885.418 буюу 86.7 хувь нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих, 113.818 буюу 3.4 хувь нь Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах, 54.501 буюу 1.6 хувь нь Автотээврийн тухай хууль зөрчих, 17.650 буюу 0.5 хувь нь Хүний биед халдах зөрчил байна.

Үүнээс зонхилон үйлдэгддэг зарим төрлийн зөрчлийн хэргийн гаралт буурчээ. Тодруулбал, Автотээврийн тухай хууль зөрчих зөрчил 0.3 хувиар буюу 28.214-өөр буурсан бол Хүний биед халдах зөрчил 11.5 хувиар, Жолоочийн даатгалын тухай хууль зөрчих зөрчил 11.2 хувиар тус тус буурсан байна.

Харин Олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явах зөрчил 9.6 хувиар, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 2.1 хувиар тус тус өсжээ.

Прокуророос зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнаас гаргасан шийдвэрүүдийг хянаад, гомдол, мэдээллийг үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзсан 3114 шийдвэрийг хүчингүй болгож, үндэслэлгүй шийтгэл оногдуулсан 47.519 шийдвэрийг хүчингүй болгуулж, өөрчлөлт оруулахаар дүгнэлт бичиж шүүхээр шийдвэрлүүлэн, зөрчигдсөн эрхийг сэргээсэн байна.

Түүнчлэн хуулийн хэрэгжилтийг хангуулахаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагуудад 272 шаардлага хүргүүлж, 384 албан тушаалтанд хариуцлага тооцуулжээ.

Таны сурталчилгаа