Чөлөөт бөхийн УАШТ-ий гурав дахь өдөр эрэгтэйчүүдийн 65, 74, 79, 92 кг, эмэгтэйчүүдийн 57, 62, 72 кг-ын урьдчилсан шатны барилдаанууд болно.
Эдгээр долоон жингээс эрэгтэй 65, эмэгтэй 57, 62 кг-ынхны өрсөлдөөн олны анхаарлын төвд байна.
Олимпын жин болох эрэгтэйчүүдийн 65 кг-д дэлхийн аваргын хүрэл медальт, Азийн наадмын аварга, шинэхэн гавьяат Т.Тулга сүүлийн жилүүдэд давамгайлж буй.
Харин энэ жил доод жин болох 61 кг-ын манлай бөх, дэлхийн аваргын хүрэл медальт, Азийн аваргын хошой хүрлийн эзэн Т.Түвшинтулга 65-д жин өгсөн орж ирснээр өрсөлдөөнийг тун сонирхолтой болголоо. Тэд А, Б хэсэгт хуваарилагдсан тул хоорондоо финалд таарах боломж бий.
Мөн эмэгтэйчүүдийн 62 кг-д дэлхийн аваргууд болох С.Цэрэнчимэд, П.Орхон нар А, Б хэсгийг тэргүүлэн барилдаж байна. Эдгээр хоёр жинд түрүүлсэн бөхчүүд олимпын эрх олгох тэмцээнд өрсөлдөх эрхтэй болох юм.
Түүнчлэн эмэгтэйчүүдийн 57 кг-д ДАШТ-ий мөнгөн медальт Э.Сумъяа, ДАШТ-ий хүрэл медальт Э.Даваачимэг, Азийн аваргын мөнгө, хүрэл медальт Х.Болортуяа, олимпын наадмын V байрын шагналт, тивийн аваргын хүрэл медальт Б.Хонгорзул, өсвөрийн ДАШТ-ий хүрэл медальт Б.Эрдэнэсувд нар багтжээ.
Энэ жингийн барилдаан бүр ширүүн өрсөлдөөн дүүрэн өрнөх нь гарцаагүй. УАШТ-ий сонирхолтой барилдаанууд яг одоо “Буянт-Ухаа” спортын ордонд үргэлжилж байна.