Олон улсын таеквондогийн холбооноос “Парис-2024” зуны паралимпын наадамд оролцох эрхээ авсан тамирчдыг өчигдөр албан ёсоор зарлахад Монголын тамирчин Г.Болор-Эрдэнэ (63 кг), У.Сүрэнжав (52 кг) нар багтлаа. Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ нь ДАШТ-ий таван алтан медальтай, Азийн АШТ-ий таван удаагийн аварга, “Ханжоу-2022” Азийн наадамд түрүүлсэн бөгөөд паралимпын наадамд хоёр дахиа оролцох гэж байна. Харин У.Сүрэнжав нь ДАШТ-ий хүрэл, “Ханжоу-2022” Азийн наадмын мөнгөн медальтай ба паралимпын наадамд анх удаа оролцохоор болж байна. Тэд “Парис-2024” зуны паралимпын наадамд оролцох эрхээ авсан Монголын таеквондогийн анхны тамирчид болж байгаа юм.