Эмэгтэйчүүдийн 55 кг-ын шигшээ барилдаан тун сонирхолтой өрнөж, эцсийн мөчид ялагч тодорлоо.
Энэ барилдаанд “Алдар” спорт хорооны бөх, цэргийн ДАШТ-ий мөнгөн медальт Б.Отгонтуяа өрсөлдөгч М.Дөлгөөнийг 5:3-аар хожиж байв. Гэтэл цаг дуусахаас хэдхэн секундийн өмнө Ази тивийн аварга М.Дөлгөөн сугадаж тонгорох мэхээр бүхэл 4 оноо авч, барилдааны хувь заяаг өөрчилж орхисон юм. Ийнхүү тэрбээр насанд хүрэгчдийн УАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ.
М.Дөлгөөн медалиа гардан авсны дараа “Б.Отгонтуяа бид хоёр өмнө нь биесээ нэг нэг хожоод байсан. Хайнаа хагалах чухал барилдаанд хэдийгээр хожигдож явсан ч багшийнхаа үгийг сайн сонсож, маш тайван барилдсаны хүчинд хожлоо. Улсын аваргад түрүүлснээр Азийн аваргад явах эрхтэй болсон. Энэ жилийн Азийн аваргад ноднингийн амжилтаа давтаж, дахин түрүүлэх зорилготой орно” хэмээн ярилаа.
Энэ жингийн хоёр хүрэл медалийг “Шандас” клубийн Э.Буман-Аюуш, “Хилчин” спорт хорооны М.Номин-Эрдэнэ нар хүртлээ.