Хүндийн өргөлтийн УАШТ-ий хоёр дахь өдрийн өрсөлдөөн шинэ дээд амжилтаар дүүрэн эхэллээ.
Эрэгтэйчүүдийн 81 кг-д спортын мастер С.Цэнгүм огцмоор 117 кг-ыг өргөж, залуучууд, насанд хүрэгчдийн улсын рекордыг шинэчилсэн. Мөн түлхэлттэйгээр 142 кг-ыг өргөж, залуучуудын улсын рекордыг шинэчлэв.
Улмаар нийлбэр дүн 259 кг болсон нь залуучууд, насанд хүрэгчдийн улсын рекордоор бүртгэгдлээ.
Насанд хүрэгчдийн УАШТ-д анх удаа түрүүлэхдээ дээд амжилтуудыг ээлжлэн тогтоосон С.Цэнгүм өндөр амжилт үзүүлэх ирээдүйтэй тамирчин гэдгээ ийн харуулав.
Тэрбээр шагналаа гардан авсны дараа "Бэлтгэл дээр маш сайн өргөж байсан болохоор улсын рекорд тогтоох зорилготой орсон. Зорилгодоо хүрсэндээ маш их баяртай байна.
Би өмнө нь насанд хүрэгчдийн УАШТ-ээс мөнгө, хүрэл медаль авсан ч түрүүлж үзээгүй. Анхны түрүүгээ авахдаа улсын рекорд тогтоосондоо сэтгэл хангалуун байна" хэмээн ярилаа.
Эмэгтэйчүүдийн 71 кг-д Ази тивийн аварга Г.Анужин нийлбэрээр 205 кг-ыг өргөсөн амжилтаар түүртэлгүй түрүүлэв.
Тэрбээр өнгөрсөн жил тивийн аварга болохдоо өргөсөн хэмжээнд хүрээгүй ч арын өрсөлдөгчөөсөө 15 кг-аар илүү гарсан юм.
Эрэгтэйчүүдийн 81 кг-ын дүн:
1.С.Цэнгүм (Самбуу сан) 259 кг (117+142 кг)
2.А.Амарсүрэн (Баянгол) 228 кг (102+126 кг)
3.Б.Оргилсайхан (Алдар) 225 кг (100+125 кг)
Эмэгтэйчүүдийн 71 кг-ын дүн
1.Г.Ануужин (Аврагч) 205 кг (95+110 кг)
2.Б.Хонгорзул (Алдар) 190 кг (84+106 кг)
3.Г.Орхон (Баянгол Ээрмэл) 180 кг (85+95 кг)
UNC Холбоодыг Дэмжих Хөтөлбөр нь Монголын спортын хөгжилд бодит хувь нэмрээ оруулах зорилготой байгуулагдсан. Холбоодын Нэгдсэн УАШТ-д оролцож буй холбоо бүр энэ сангаас 15,000,000 төгрөгийн тусламж авах бөгөөд энэхүү санхүүжилт нь тухайн спортын ирээдүйн хөгжилд зарцуулагдана.