Спорт холбоодын нэгдсэн УАШТ-ий хүрээнд зохиогдож буй модон барилдааны УАШТ "UG Palace" ордонд эхэллээ. 11 дэх удаагийн УАШТ-д 11 багийн 232 тамирчин өсвөр, насанд хүрэгчдийн ангиллаар нийт 23 жинд аваргаа тодруулах юм.
Өнөөдөр хөвгүүдийн 50, 70, +80 кг, охидын 50, -70 кг, эрэгтэйчүүдийн 60, 70, 80, 105, +125 кг, эмэгтэйчүүдийн 55, 75, +85 кг-ын медальтнууд тодорно.
Манай улсад модон барилдаанаар хичээллэдэг 20 мянга гаруй хүн байдгийг Монголын модон барилдааны холбооны ерөнхийлөгч Э.Мөнхсүрэн хэлсэн.
"Энэ тэмцээнээс шалгарсан тамирчид олон улсын тэмцээнүүдэд оролцох эрхтэй болно гэдгээрээ онцлогтой. 2024 онд олон улсын 30 орчим тэмцээн зохиогдохоос бид 18-д нь оролцохоор төлөвлөж байна. Мөн дотооддоо 13 тэмцээн зохион байгуулахаар төлөвлөсөн" хэмээн Э.Мөнхсүрэн ерөнхийлөгч сонирхуулав.
Модон барилдааны 2024 оны УАШТ хоёр өдөр үргэлжлээд маргааш өндөрлөнө.