Хаваржилтын нөхцөл байдал хүндэрч буйтай холбоотойгоор Орхон аймгийн Онцгой комиссоос Жаргалант сумын Дулаан-Уул, Улаантолгой, Жаргалант багийн малчдад аюулгүй нөөцийн өвс, тэжээлийг олгохоор шийдвэрлэсэн. Үүний дагуу тус сумын 552 малчин өрхөд аймгийн болон Жаргалант сумын Аюулгүйн нөөцөд бэлтгэсэн өвс тэжээлийг өнөөдрөөс /2024.02.27/ олгож эхэллээ.
Энэ жил малчдын төвшинд мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэлийг 97.3 хувьтай хангаж, 9500 тонн хадлан бэлтгэхээс 9700 тонн хадлан бэлтгэсэн. Өнөөдрийн байдлаар малчид бэлтгэсэн өвс, тэжээлийнхээ 90 орчим хувийг хэрэглээд байгаа юм.
Тиймээс аймгийн аюулгүйн нөөцөд байгаа 50 тонн өвс, 61.1 тонн тэжээл, Жаргалант сумын Аюулгүйн нөөцөд бэлтгэсэн 70 тонн өвс, 10 тонн тэжээлийг малчдад үнэ төлбөргүй ийн олгож эхэллээ. Ингэхдээ Жаргалант сумын 552 малчин өрхийг 100 хувь хамруулж тэгш хуваарилах зарчмаар нэг өрхөд 12 боодол өвс, 3 шуудай хивэг олгож байна. Мөн цаашид өвс, тэжээлийн нөөц бэлтгэхэд аймгийн Онцгой комиссоос 145 сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэсэн.
Сар шинийн өмнө Баян-Өндөр сумын бэлтгэсэн Аюулгүй нөөцийн өвс, тэжээлийг малчдад олгох ажлыг зохион байгуулсан билээ.