Цаг үеийн мэдээ

Нэгэн цагт дэлхийн хамгийн залуу, амжилттай тэрбумтнуудын нэгээр тодорч байсан Сэм Банкман Фрайд Нью-Йоркийн шүүхээс 25 жилийн хорих ял сонслоо. Шүүх түүний 11 тэрбум ам.долларын хөрөнгийг хурааж, санхүүгийн залилангийн хохирогч болсон хэрэглэгчид, хөрөнгө оруулагчдын хохирлыг барагдуулахаар болсон байна. 

Сэм Банкман Фрайд Бахамын арлуудад төвтэй “FTX” криптовалютын биржийг үүсгэн байгуулж байсан. Энэ жил 32 настай тэрбээр АНУ-ын түүхэнд бичигдэх хамгийн том санхүүгийн гэмт хэрэг, залилан үйлдсэн нь илэрч, “FTX” хөрөнгийн бирж дампуурлаа зарласан билээ. 

Амжилттай үедээ зах зээлийн үнэлгээ нь 32 тэрбум ам.долларт хүрч байсан криптовалютын хөрөнгийн бирж дээрээс хулгайлсан мөнгөөрөө Банкман Фрайд хувьдаа үл хөдлөх хөрөнгө худалдаж авч, улс төрчдийг санхүүжүүлсэн нь илэрсэн юм. 2022 оны 11 дүгээр сард Банкманы санхүүгийн тогтворгүй байдалтай холбоотой нийтлэлийг крипто сувгийн мэдээллийн сайт Coindesk анхлан мэдээлснээс хойш ес хоногийн дараа “FTX” дампуурлаа зарласан. 

Прокурорууд түүнийг мөнгө угаах, санхүүгийн залилангийн долоон зүйл ангийн гэмт хэргээр яллах дүгнэлт үйлдэж, 40-50 жилийн хорих ял оноох хүсэлтийг шүүхэд тавьсан юм. Банкман үл хөдлөх хөрөнгө худалдаж авах, улс төрийн намуудыг санхүүжүүлэхийн тулд крипто биржийн хэрэглэгчдээс найман тэрбум ам.доллар хулгайлсан нь шүүхээр тогтоогджээ. 

Таны сурталчилгаа