Финландын Вантаа хотын Виертола дунд сургуульд 12 настай хүү галт зэвсгээр халдлага үйлдэж ангийнхаа хөвгүүний амь насыг хороож, сургуулийнхаа хоёр охиныг хүндээр шархдуулсан хэрэг энэ мягмар гарагт гарсан. Хэргийг мөрдөн шалгах явцад халдлага үйлдсэн хүү сургуулийн орчинд бусдын дарамт, дээрэлхэлтэд өртдөг байсныг илрүүлжээ.
Халдлага үйлдсэн 12 настай хүүгээс мэдүүлэг авч байцаах явцад энэ жил сургуульдаа шилжиж ирсэн нь тогтоогдсон байна. Мөн тэрээр сургуульдаа бусад хүүхдүүдэд дээрэлхүүлж, дарамтлуулдаг байснаа цагдаа нарт хэлжээ.
Финланд улсын хуулиар 12 настай хүүхдэд эрүүгийн гэмт хэргийн хуулиар ял оноох боломжгүй. Тиймээс хүүг баривчлах болон хорих үндэслэлгүй байна. Цагдаа нарт мэдүүлэг өгсний дараа хүүг нийгмийн халамжийн ажилтнуудад хүлээлгэн өгчээ. Мөрдлөг шалгалтын явцад хүү халдлага үйлдсэн гар бууг ойрын хамаатнаасаа авсныг тогтоосон байна.
Цагдаагийн газраас уг халдлагын талаар цахим сүлжээгээр тархаж байгаа хуурамч мэдээлэлд итгэхгүй, түгээн дэлгэрүүлэхгүй байхыг ард иргэдэд уриалсан байна. Иймэрхүү хууль бус үйлдлээс болж гэм зэмгүй хүмүүсийг хохироож болзошгүй гэдгийг анхааруулжээ.
Вантаа хотын Виертола дунд сургууль нь 90 орчим ажилчинтай, 7-15 хүртэл насны 800 орчим сурагчтайгаар үйл ажиллагаа явуулдаг. Мягмар гарагт халдлага гарсны дараа лхагва гарагт сургуулийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилжээ.
Эх сурвалж: Тheguardian.com