Израилын Батлан хамгаалахын сайд Ёав Галлантын мэдэгдсэнээр Газын өмнөд хэсэгт байрладаг Хан Юнис хотод явуулсан цэрэг армийн ажиллагаа дуусаж, зорилгодоо хүрсэн тул Хан Юнис хотоос явган цэргээ татжээ. Израилын армийн 98 дугаар дивизийн цэргүүд Хан Юнис хотыг орхисон ч тусгай салаа Газад үлдсэн байна.
Израилын арми цэргүүдээ түр хугацаанд амрааж, дараагийн дайралтад бэлтгэх зорилготой байгаа гэж зарим хэвлэлүүд мэдээлжээ. Дараагийн цохилт өгөх хотуудын жагсаалтад өлсгөлөнд нэрвэгдсэн Палестины 1,5 сая иргэн орогнож байгаа Рафах хот багтсан тухай мэдээллүүд гарч байна.
Израилын Батлан хамгаалах хүчин, Палестины Хамас бүлэглэлийн дайн эхэлснээс хойш зургаан сарын хугацаа өнгөрлөө. Израилын Тель-Авив хотод барьцаанд байгаа иргэдийг суллахыг шаардсан жагсаал Тель-Авив, Парис, Берлин зэрэг хэд хэдэн хотод болсон байна.
Хамас бүлэглэл зургаан сарын өмнө явуулсан гэнэтийн цохилтын үеэр нийт 250 орчим хүнийг барьцаалсны зуу орчмыг нь түр гал зогсоох хэлэлцээрээр суллаж, 30 орчим хүн амь үрэгдэж, одоо 130 хүн барьцаанд үлдсэн гэх тоо баримтыг Израилын талаас өгч байгаа юм.
Газад гал зогсоох болон барьцааны иргэдийг суллах хэлэлцээрийг байгуулахаар Израил болон Хамасын төлөөлөгчид өчигдөр Египетийн нийслэл Каир хотыг зорьсон байна.