Цаг үеийн мэдээ

УИХ-ын сонгуулийн явцын мэдээллийг хүргэлээ. Цагдаагийн байгууллагад ирсэн гомдол, мэдээллийн талаар Цагдаагийн ерөнхий газрын Зөрчлийн хэрэг бүртгэх албаны дарга, цагдаагийн хурандаа Э.Товуудорж мэдээлэв.

Цагдаагийн байгууллагаас Монгол Улсын 2024 оны ээлжит сонгуульд нийт 12 мянган алба хаагч өнөөдөр үүрэг гүйцэтгэж байна. Сонгуулийн хэсгийн хорооны санал байрны хамгаалалтад 2198 алба хаагч, замын хөдөлгөөний зохицуулагч 2115, шуурхай удирдлагын штаб 5600, гэмт хэрэг зөрчил шалгах сонгуулийн үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангах 2897 алба хаагч тус тус энэ цагаар үүрэг гүйцэтгэж байна. 

Гэмт хэрэг зөрчилтэй холбоотой дуудлага мэдээлэл танилцуулахад Монгол Улсын хэмжээнд нийт 1104 гомдол мэдээлэл бүртгэгдсэн. Үүнээс нийслэлд 665, орон нутагт 439 бүртгэгдлээ. Гэмт хэргийн шинжтэй 420, зөрчлийн 684 дуудлага, мэдээлэл хүлээн аваад цагдаагийн байгууллага холбогдох шалгах ажиллагааг явуулж байна. 

Өнөөдрийн байдлаар, яг энэ цагаар 130 дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Нийслэлд 79, орон нутагт 51 дуудлага мэдээлэлтэй байна. Үүнээс гэмт хэргийн 137 дуудлагад холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байгаа.  173 зөрчлийн дуудлагад холбогдох шалгалтын үйл ажиллагааг явуулж байна. Нийт гэмт хэргийн шинжтэй 420 гомдол мэдээллээс Эрүүгийн хуулийн 14.8 буюу нэр дэвшигчийн талаар илт худал мэдээлэл тараах дуудлага, мэдээлэл 259 буюу нийт гэмт хэргийн дуудлага мэдээллийн 61.67 хувийг эзэлж байна. Эрүүгийн хуулийн 14.5 буюу иргэн сонгуулийн эрхээ эдлэх, сонгуулийн ажилд саад учруулах гэх зүйл ангиар нийт 83  буюу гэмт хэргийн дуудлага мэдээллийн 19.76 хувийг эзэлж байгаа. Зөрчлийн нийт 684 гомдол мэдээллээс Зөрчлийн тухай хуулийн 8.8 буюу бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэх мэдээлэл 101 буюу 24.05 хувийг эзэлж байна. Зөрчлийн тухай хуулийн 17.1.18.1 буюу хуульд зааснаас өөр арга хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа явуулах гэх дуудлага мэдээлэл нийт дуудлага, мэдээллийн 100 буюу 23.81 хувийг эзэлж байна. Үүнд цагдаагийн байгууллага хуулийн хүрээнд холбогдох шалгалтын үйл ажиллагааг явуулж байна. 

С.ОТГОН

Таны сурталчилгаа