Британийн тэрбумтан Майк Линч эхнэрийнхээ нэр дээр бүртгэлтэй тансаг зэрэглэлийн дарвуулт завин дээр Америк, Британийн хамтран ажиллагсад, найз түншүүдээ урьж амарч байсан ч усан хуй гарч завь живсэн харамсалтай осол даваа гарагт гарсан. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Майк Линч АНУ-ын шүүх дээр залилан луйврын хэрэгт холбогдож 20 орчим жилийн хорих ял сонсож магадгүй байсан ч хэргийг нь цагаатгасан. Тиймээс тэрбумтан гэр бүл, ойрын хүрээллийнхний хамт хэргээ цагаатгуулсны баярыг тэмдэглэж байжээ.
Тэд Италийн Сицили арлын эргээс 700 метр зайд Бэйжн нэртэй дарвуулт завиныхаа зангууг буулгасан байсан нь усан хуй гарах үеэр тэнцвэрээ алдаж живсэн байна. Дарвуулт завин дээр тэрбумтны гэр бүл болон ойрын түншүүд гээд 12 зорчигч, үйлчилгээний багийн 10 ажилчин байжээ. Эдгээр 22 хүний 15-ыг нь аварсан. Үлдсэн долоон хүний зургаагийнх нь цогцсыг олсон. Одоо нэг хүний цогцсыг эрэн хайх ажил далайн 50 метрийн гүнд үргэлжилж байна.
Италийн эргийн хамгаалалтын алба одоогоор олдоод байгаа зургаан хүний цогцос дунд Британийн тэрбумтан Майк Линчийн цогцос байгааг мэдэгджээ. Харин түүний 18 настай охин Ханна Линчийн цогцос олдоогүй байна. Тиймээс эрэн хайх ажлыг үргэлжлүүлж байна.
Уг завь нь Майк Линчийн эхнэр Анжела Бакаресын эзэмшилд байдаг бөгөөд хатагтай Бакарес ослоос амьд үлдсэн хүмүүсийн нэг юм. Ослын үеэр амь үрэгдсэн хүмүүсийн дунд Майк Линч, түүний 18 настай охин Ханна Линч, завин дээрх зоогийг хариуцаж байсан ахлах тогооч, Морган Стэнли олон улсын банкны захирал Жонатан Блүмер, түүний эхнэр Жуди Блүмер, Америкийн үнэт эдлэлийн дизайнер Неда Морвилло нөхрийн хамт байгаа аж.