Цаг үеийн мэдээ

2024 оны наймдугаар сарын 23-наас есдүгээр сарын 02-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Хугацааны эхээр уулархаг нутгуудаар, 28-наас ихэнх нутгаар бороо орно.

Хур тунадас: 23-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн ихэнх хэсгээр, 24-нд Алтай, Хангайн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 25, 26-нд Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар,  27-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 29-нд төв болон зүүн аймгуудын нутгийн ихэнх хэсэг, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр, 30-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 31-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Салхи: Ихэнх нутгаар секундэд 5-10 метр. 25-27-нд Монгол Алтайн уулсаар, 28-30-нд говийн аймгуудын нутгаар секундэд 12-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Дархадын хотгор, Тэрэлж голын хөндийгөөр 5-10 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 19-24 градус, бусад нутгаар 11-16 градус, өдөртөө Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Дархадын хотгор, Тэрэлж голын хөндий, Халхголын сав газраар 21-26 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 31-36 градус, бусад нутгаар 25-30 дулаан байна. 29-нөөс 9-р сарын 02-ныг хүртэл нутгийн зүүн хагаст өдөртөө сэрүүснэ.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМЫН 10 ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Хур тунадас: Наймдугаар сарын 26, 27-нд өдөртөө бага зэргийн аадар бороо, 28, 29, есдүгээр сарын 01-нд бороо орно. Дуу цахилгаантай.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Ихэнх хугацаанд шөнөдөө 11-16 градус, өдөртөө 23-28 градус, 29-нөөс 9 дүгээр сарын 02 хүртэл сэрүүсэж 18-23 градус дулаан байна.

 

Таны сурталчилгаа