Цаг үеийн мэдээ

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд бие даан нэр дэвшигч Роберт Кеннеди сонгуулийн кампанит ажлаа зогсоож, Ерөнхийлөгч асан, Бүгд найрамдах намын нэр дэвшигч Дональд Трампыг дэмжиж байгаагаа мэдэгджээ. Тэрбээр баасан гарагт Аризона муж улсад үг хэлэх үеэрээ ийнхүү мэдэгдсэн байна.

Р.Кеннеди бол АНУ-ын Ерөнхийлөгч асан Жон Кеннедигийн ач хүү юм. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ өнгөрсөн 10 дугаар сард мэдэгдэж байсан тэрбээр сонгуулийн кампанит ажлаа зогсоож байгаа боловч түүний нэр ихэнх муж улсын саналын хуудсанд бичигдсэн хэвээр байх юм.

Бага Кеннеди сонгуульд ялж чадна гэдэгтээ бүрэн дүүрэн итгэлтэй бус байгаа тул нэрээ татаж байгаагаа цохон тэмдэглэсэн байна. Тэрбээр мөн Д.Трамптай ярилцсан талаараа дурдаад, түүнтэй олон асуудлаар ихээхэн санал зөрөлдөөнтэй хэвээр байгаа боловч өөр бусад чухал асуудлаар санал нэг байгаагаа онцолжээ.

Хэрэв Кеннеди сонгуулиас нэрээ татаж, миний бие ерөнхийлөгчөөр дахин сонгогдвол түүнийг засаг захиргааныхаа гол албан тушаалд томилох талаар бодож үзнэ гэдгээ Д.Трамп мягмар гарагт мэдэгдсэн юм.

Улс төрийн мэдээллийн Real Clear Politics цахим хуудаснаас явуулсан санал асуулгын дүнгээс үзэхэд, пүрэв гаргийн байдлаар дэд Ерөнхийлөгч, Ардчилсан намаас нэр дэвшигч Камала Харрис 46.2 хувь, Д.Трамп 44.4 хувь, Р.Кеннеди 5 хувийн санал тус тус авчээ.

Р.Кеннеди Ардчилсан болон Бүгд найрамдах намын аль алиных нь сонгогчдыг татах төлөвтэй байсан тул түүний кампанит ажлаа зогсоох шийдвэр сонгуульд ямар нөлөө үзүүлэх вэ гэдэг нь олон нийтийн анхаарлыг татаж байна.

 

Таны сурталчилгаа